Маргааш М.Пакьяо сүүлчийн тулаанаа хийгээд зодог тайлна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
jargal@montsame.mn
2016-04-08 16:55:23

МОСКВА./Kommersant/. Маргааш буюу дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Америкийн Лас-Вегас хотноо орчин цагийн агуу боксчдын нэг гэгддэг 37 настай Мэнни Пакьяо сүүлчийн тулаанаа хийх гэж байна. Түүний өрсөлдөгч нь Америкийн иргэн Тимоти Брэдли бөгөөд маргаашийн тулаан нь хоёр боксчны хувьд гурав дахь удаагийнх юм. 2012 онд Брэдли нэлээд маргаантай байдлаар ялсан бол 2014 онд Пакьяо даагаа нэхэж итгэл төгс ялж байжээ.

Бямба гарагт болох 63.5 кг-ийн жингийн тулааны дараа мэргэжлийн боксын 8 жинд аваргалж байсан Мэнни зодог тайлан спортоос нэгмөсөн хөндийрч, улстөрчийн замналыг сонгож байгаагаа зарлах бололтой.

Улстөрч Мэнни Пакьяо Филиппиний парламентын доод танхимд сонгогдоод байгаа бөгөөд удахгүй 5 дугаар сард болох сонгуулиар дээд танхим болох Сенатын гишүүний суудлын төлөө өрсөлдөх гэж байна.

Домогт боксчны хувьд улстөрийн тавцанд хэр амжилттай байхыг урьдчилан хэлэх нь тун хэцүү. Учир нь, консерватив үзэлт тэрбээр гайхшрал төрүүлэхээр алхмыг үе үе хийдэг гэнэ.  Жишээ нь, хоёрдугаар сард Мэнни “ижил хүйстнүүд бол малаас ч дор” гэж хэлснийх нь дараа Nike компани түүнтэй байгуулсан гэрээгээ тэр даруйд нь цуцалж байжээ.

Яг нэг жилийн өмнө Мэнни Америкийн боксчин Флойд Мейуэзэртэй “Зууны тулаан” хийж ялагдсан боловч 100 сая долларын шан хөлс авч байсныг үзэгчид сайн санаж байгаа болов уу.

Энэ удаад Америкийн боксчин Брэдлитэй тулаан хийснийхээ төлөө Мэнни 7 сая доллар авахаас гадна уг тулааныг телевизээр шууд дамжуулсны шагнал болох 20 сая долларыг нэмж хүртэнэ. Харин Брэдлигийн хувьд уг хоёр шагналын хэмжээ 4 сая болон 6 сая доллар байх бололтой.

Нийт дүнгээр бол, Мэнни Пакьяо боксчин байх хугацаандаа 500 сая долларын орлого олсон гэдэг.

Д.Жаргал

Холбоотой мэдээ