Хотын ойн зурвасаас 5 км хүртэлх зайд байгаа мал амьтныг албадан гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-09-18 09:19:16
Баянхонгор /МОНЦАМЭ/. Хотын төвийн ногоон байгууламж, бүтээн байгуулалтыг мал амьтан талхалж байгаатай холбогдуулан Баянхонгор сумын Засаг даргын “Хотын төвөөс мал, амьтныг албадан гаргах тухай” захирамж гарчээ. Энэ хүрээнд, хотын ойн зурвасаас 5 км хүртэлх зайд байгаа мал амьтныг албадан гаргах ажлын хэсэг байгуулсан байна.
Байгаль орчныг хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулахад аймгийн засаг захиргааны байгууллагуудаас багагүй хөрөнгө оруулалт хийж, холбогдох байгууллагууд ч хөдөлмөр зүтгэлээ зориулж Баянхонгор хотоо ногоон болгох аянд нэгдсэн. Гэвч цөөн хэдэн малчдын хариуцлагагүй байдлаас шалтгаалан хариулгагүй мал амьтан аймгийн төвийн ногоон байгууламжийг сүйтгэн, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа юм. Тиймээс аймгийн төвийн ойролцоо нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхэлж буй иргэд, малчид ойн зурвасаас 5 км хүртэлх зайд байгаа өөрсдийн эзэмшлийн мал амьтныг энэ сарын 19-ний дотор бүрэн гаргахыг тус захирамжаар даалгажээ.
Захирамжийн хэрэгжилтийг дээрх ажлын хэсэг ханган ажиллаж бөгөөд биелүүлээгүй иргэд, малчдыг зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авч ажиллах аж.
Холбоотой мэдээ