У.Хүрэлсүх: Жендэрийн тэгш байдал хөгжлийн гол шалгуур болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-17 19:28:37
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын эмэгтэйчүүдийн холбооны 95 жилийн ойн хүрээнд тус холбооноос санаачилсан “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган Төрийн ордны их танхимд өнөөдөр эхэллээ.


Чуулга уулзалтаар “Охид, эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийлэл, ”Шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо”, “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн хараат бус байдал” гэсэн гурван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв. 


Сүүлийн жилүүдэд хүчирхийлэл, тэр тусмаа охид эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл нэмэгдэж байна. Тодруулбал, 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар, хүчингийн гэмт хэрэг 217 бүртгэгдсэний 51.4 хувь нь хүүхэд байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22.5 хувиар өссөн байна. Энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэж байгаа үед МЭХ-ноос Тогтвортой хөгжлийн зорилт-5 буюу үндэсний хэмжээнд Жендерийн тэгш байдлыг хангах зорилтын хэрэгжилтийг хангах нь чухал хэмээн үзэж байна. Тиймээс дээрх чуулганыг санаачлан зохион байгуулжээ. 



Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулга уулзалтын нээлтэд оролцон төлөөлөгчд, зочдод амжилт хүслээ. Тэрбээр улс орны хөгжлийг зөвхөн эдийн засгийн үзүүлэлтээр хэмжих нь өөрчлөгдөж,  хүчирхийллээс ангид байх,  эмэгтэйчүүдийн эрх болон жендэрийн тэгш байдлыг хангах нь хөгжлийн гол шалгуур болж байгааг тэмдэглэв. Охид, эмэгтэйчүүдээ ажил орлоготой, айх аюулгүй, сайхан амьдрах нөхцөл, боломжийг бүрдүүлэхийн төлөө төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагууд, ялангуяа Монголын эмэгтэйчүүдийн холбоотой нягт хамтран ажиллана гэдгийг онцоллоо. 


“Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалтад аймаг, нийслэл, сум, дүүрэг болон гадаадын 10 гаруй орны 1000 гаруй төлөөлөгч, зочин оролцож байна. Тухайлбал, Швед улсын Гадаад харилцааны яамны Хүчирхийлэл хүний наймаантай тэмцэх асуудал хариуцсан захирал Анна-Карин Жатфорс, БНСУ-ын Солонгосын эмэгтэйчүүдийн хөгжлийн институтын ерөнхийлөгч Инсоок Гвон, Олон улсын Улаан загалмайн нийгэмлэгийн Зүүн өмнөд Азийн бүсийг хариуцсан суурин төлөөлөгч Др.Гвендолин Пэн нарын хүндэт төлөөлөгч оролцож байна. Чуулга уулзалт гурван өдөр үргэлжилнэ.

Холбоотой мэдээ