“Хөвсгөлийн цагаан загас” гэсэн хуурамч бүтээгдэхүүнээс сэрэмжлэхийг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-04-08 15:48:15

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Хөвсгөлийн цагаан загас” гэсэн хаяг шошготой худалдаалагдаж байгаа хуурамч нөөшилсөн загаснаас сэрэмжлэхийг анхаарууллаа. Тус аймгийн хэмжээнд цагаан загасны нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг хориглосон байгаа учир энэ төрлийн загасаар нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэхгүй байгаа гэнэ.

Гэрийн нөхцөлд үйлдвэрлэсэн хуурамч хаяг шошготой нөөшилсөн загасан бүтээгдэхүүн, утсан загаснаас хэрэглэгчид болгоомжилж урьдчилан сэргийлж шинжилгээ дүгнэлтгүй, гарал үүсэл нь тoдорхойгүй нөөшилсөн загасыг худалдан авахгүй байхыг анхааруулан сэрэмжлүүллээ. Харин Мөрөн хотод  үйлдвэрлэгдэж байгаа шилэнд савласан нөөшилсөн загасан бүтээгдэхүүн нь Ховд, Увс аймгаас бэлтгэгдсэн сугас загасаар хийгдэж байгаа бөгөөд Мөрөн суманд 20 орчим тн сугас загас хөргүүртэй зооринд хадгалагдаж байна. Эдгээр цехүүдэд загас нийлүүлэгдэж байгаа үед Мэргэжлийн хяналтын газарт мэдэгдэж, хянуулдаг уламжлал тогтсон төдийгүй загасан цехүүд нь эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд үйл ажиллагаа явуулж шинжилгээ, хяналт шалгалтанд тогтмол хамрагддаг ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа
 

Холбоотой мэдээ