"Говийн чоно" дадлага сургуульд гадаадын 460 гаруй төлөөлөгч оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-09-16 12:48:14

Дорноговь /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газар Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран Дорноговь аймагт зохион байгуулж байгаа “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийн нээлтийн ажиллагаа  есдүгээр сарын 16-нд Сайншанд хотод боллоо.

Энэ сарын 09-нөөс эхэлсэн дадлага сургууль "Орон нутгийн чадавх ба бүс нутгийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд танхимын, академик болон болзошгүй гамшгийн хор уршгийг арилгах дууриалган үзүүлэх дадлага сургууль болон гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг турших, гамшиг, аюулт үзэгдэл ослын бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах удирдах бүрэлдэхүүний  команд штабын сургууль гэсэн дөрвөн төрлөөр үргэлжилж буй.


Шадар сайд Ө.Энхтүвшин: Сурч мэдэхийг хичээх, харилцан туршлага солилцох нь чухал


Хүний буруутай үйл ажиллагаа хийгээд дэлхий даяарх уур амьсгалын өөрчлөлттэй холбогдон гамшиг ослын давтамж ойртож, байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдах, гамшгийн хор хохирол, цар хүрээ нэмэгдэн аюулт үзэгдлийн хэмжээ  ихэсч байгаа нь бидний сэтгэлийг зовоосон асуудал. Гамшгийн өмнө өндөр хөгжилтэй орнууд ч бас хүчин мөхөстөж байна.

2016 оноос эхлэн онцгой байдлын байгууллагыг бүсчилсэн зохион байгуулалтад шилжүүлсэнтэй холбогдуулан бүсийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, харилцан хамтын ажиллагааг жигдрүүлэх зорилгоор “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулж эхэлсэн.

Энэ удаа Монгол орны нийгэм эдийн засагт голлох үүрэг хүлээж аж үйлдвэр, эдийн засаг, худалдаа үйлчилгээний төв болон хөгжих ирээдүйтэй Дорноговь аймгийн сонгосон.

“Говийн  чоно” дадлага сургалтыг “Орон нутгийн чадавх ба бүс нутгийн харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд дөрвөн чиглэлээр Дорноговь аймагт зохион байгуулж байна.

Өнгөрсөн хугацаанд аврагчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор бэхэлгээ, бие бүрэлдэхүүний болон тоног төхөөрөмжийн ариутгал, нурангаас эрэн хайх аврах ажиллагаа, галын эсрэг хариу арга хэмжээ, төмөр замын ослын эсрэг хариу арга хэмжээ, эрэлч нохойн ажиллагаа, малын эмчийн сургалт, олон нийтэд зориулсан анхны тусламж, ослын үеийн удирдлагын систем зэрэг есөн төрлийн сургалтыг ОБЕГ, Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн алба, НОБГ-ын Нийслэлийн аврах 105 дугаар анги, Улаан загалмайн нийгэмлэг, Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалын сургагч багш нар амжилттай зохион байгуулаад байна. 

Дараагийн үе шатанд танхимын академик сургалт, команд штабын сургууль, гамшгийн үеийн дадлага сургуулийг зохион байгуулна.

Та бүхэн сургалтаар гамшгийн эсрэг хамтын ажиллагаагаа сайжруулах, орон нутгийн шат шатны байгууллагын удирдах албаны мэдлэг, дадлага сургууль сайжирч харилцан туршлагаасаа солилцож үр бүтээлтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна. Сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсье гэв.

 

АНУ-ын Энэтхэг, Номхон далайн командлалын Номхон далайн хүрээг хариуцсан

газрын дарга, доктор Жон Вүүд: Тулгамдаж буй сорилтуудыг хамтдаа давж ирээдүйн боломжуудыг буй болгоно



Гамшгийн эсрэг хэрэгжүүлж байгаа бидний энэхүү хамтын ажиллагаа бэхжиж ямар түвшинд очоод байгааг харахад сайхан байна.

Ййм арга хэмжээний үр дүнд бид тулгамдаж буй сорилтуудыг хамтдаа даван туулж, үр дүнтэй ажиллаж, ирээдүйн боломжуудыг буй болгоно.

АНУ-ын Энэтхэг Номхон далайн цэргийн командлагч, адмирал Филипп Дэвидсон энэ оны зургадугаар сард Улаанбаатар хотод болсон “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагаанд оролцсоныг та бүхэн мэдэж байгаа байх.

Ардчиллын үнэ цэнийг нэмэгдүүлэх, стратегийн нэгдмэл сонирхолтой байгаа манай хоёр орны хамтын ажиллагаа сүүлийн 30 жилд амжилттай хөгжиж байгааг адмирал Филипп Дэвидсон онцлон тэмдэглэж байсан юм.

Хэдхэн долоо хоногийн өмнө АНУ, Монгол Улсын ерөнхийлөгч нар Вашингтон хотноо уулзахдаа сайн засаглал, тусгаар тогтнол, хүний эрхийг дээдлэх зарчмууд дээр суурилсан стратегийн түншлэлийг тунхаглан, хоёр орны харилцааг бататгасан билээ.

Бидний хамтын ажиллагаа энх тайван, тогтвортой байдлыг бий болгоно. Газар хөдлөлт хийгээд байгалийн гамшигт үзэгдлийн өмнө Засгийн газар ганцаараа хүчин мөхөстөж байгаа тул үүнийг даван туулахад бидний хамтын ажиллагаа чухал юм.

Гамшгийн эсрэг дадлага сургууль нь нэгд хувь хүний, хоёрт олон нийтийн, гуравт улс орны, дөрөвт бүс нутгийн хэмжээнд эрсдэлээс сэргийлэх, эрсдэл тохиолдсон үед хариу арга хэмжээ авахад шаардлагатай мэдлэг мэдээллийг олж авахад онцгой ач холбогдолтой.

ОБЕГ болон орон нутгийн онцгой байдлын газрын хийж байгаа ажилтай танилцсан. Сэтгэл хангалуун байна. Дадлага сургуулиар талууд хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэн, онол практикийг хослуулж, мэдлэгээ хуваалцан, гамшиг ослын үед хамтдаа ажиллаж нэг нэгнээсээ суралцах ач холбогдолтой.

Мөн та бүхний хүчин чармайлт хамгийн чухал болохыг онцлон тэмдэглэж байна. Жишээлбэл академик сургалтын нэг хэсэг эмэгтэйчүүдийн манлайлал сургалт нь жендерийн байдлыг хөндсөн төдийгүй гамшгийн үеийн ослын үед олон хүний амийг аврах боломж нөхцөлийг олох, шаардлагатай мэдлэг олж авч байгаа нь чухал юм. Дадлага сургуульд оролцож байгаа та бүхэнд амжилт хүсье гэв.


Т.Энхтүвшин: Гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоог аймаг орон нутгийн онцлогт тохируулан нэвтрүүлэх  нь чухал


Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын ээлжит дадлага сургуулийг Дорноговь аймагт амжилттай зохион байгуулж байна.

Дадлага сургуульд Дорноговь аймгийн ОБГ, гамшгаас хамгаалах албад, бусад хууль хүчний байгууллагууд хийгээд төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд оролцож буй.

Сүүлийн жилүүдэд дэлхий даяар болон манай улсад байгалийн гамшигт үзэгдлийн давтамж ойртож байгаа төдийгүй гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна.

Дорноговь аймаг бол уул уурхай, хүнд үйлдвэр эрчимтэй хөгжиж байгаа газар бөгөөд хилийн томоохон хоёр боомт ажиллаж хүн ам суурьших, зорчих хөдөлгөөн нэмэгдэх, эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаа тэлж үүнийг дагасан сөрөг зүйлүүд бий болох эрсдэлтэй.

Тиймээс гамшгийн хор уршгийг арилгах, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, харилцан туршлага судлах нь сургалтын зорилго юм.

Мөн Дорноговь аймгийн мэргэжлийн албад, Онцгой комисс, удирдах бүрэлдэхүүн нэгдсэн зохион байгуулалттай ажиллаж, гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоог аймаг орон нутгийн онцлогт тохируулан нэвтрүүлэх явдал.

Энэхүү сургалт дадлага сургуулийг зохион байгуулах боломжийг бүрдүүлсэн Монгол Улсын Шадар сайд, ОБЕГ, АНУ-ын Элчин сайдын яам, АНУ-ын Энэтхэг, Номхон далайн командлалд талархал илэрхийлье. Мөн сургалт дадлагыг амжилттай зохион байгуулж мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа ОБЕГ-ын дэд дарга, сургуулийн удирдагч хурандаа Б.Ууганбаяр болон Ажлын хэсгийн хамт олонд талархал илэрхийлье гэв.



Дорноговь аймагт зохион зохион байгуулж байгаа дадлага сургуульд Монгол, АНУ-аас гадна Австрали, Канад, Чили, Франц, Унгар, Израил, Япон, Шинэ Зеланд, Бүгд Найрамдах Солонгос Улс, Турк, Их Британи, Бангладеш, Индонези, Казахстан, Киргизстан, Лаос, Балба, Шри-Ланка, Тайланд, Тажикистан, Вьетнам зэрэг 21 улс орон, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагуудын 300 гаруй төлөөлөгч оролцож байна. 

Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, ОБЕГ-ын дэд дарга, сургуулийн удирдагч, хурандаа Б.Ууганбаяр, Шадар сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Л.Саянаа, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Л.Келечески, АНУ-ын Энэтхэг, Номхон далайн командлалын Номхон далайн хүрээг хариуцсан газрын дарга, доктор Жон Вүүд, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Филип Х.Луу нарын албаны хүмүүс оролцож үг хэлэв.



Холбоотой мэдээ