Т.Ерлан: Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 400 гаруй хүүхэд сургууль, цэцэрлэгийн гадуур байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-16 17:50:43

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн төвийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны тэргүүн Т.Ерлантай ярилцлаа.

Танай холбооны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн төвийн үйл ажиллагааны талаар яриагаа эхэлье. 

- Тус төвийг 2011 онд байгуулан үйл ажиллагаа явуулж ирсэн ч сүүлийн хоёр жилд төсөв нь орон нутгаас шийдэгдээгүй тул үйл ажиллагаа зогсонги байдалтай байна. Жилд давхардсан тоогоор 250 хүүхдэд сэргээн засах үйлчилгээ, тусгай хэрэгцээт боловсрол эзэмшүүлэх сургалт явуулдаг. Түүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах сургалтууд хийнэ. Саяхан Испани Улсын  иргэдийн дэмжлэгээр төвийн барилгад их засвар хийсэн. Мөн Улаанбаатар хот дахь манай аймгийн Нутгийн зөвлөлийн хүмүүс туслалцаа үзүүлж байгаа. А.Ерболат захиралтай "Туран ворлд" компани 800 мкв хүчин чадалтай нам даралтын зуух байрлуулахаар ажиллаж байна. Төвийн үйл ажиллагааны зардлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг аймгийн Засаг даргад удаа дараа тавьсан. Энэ оныг дуустал ажиллах зардлыг шийдвэрлэж өгөхөөр ярилцаж байгаа. Ирэх сарын 1-нээс ажил маань жигдрэх байх гэж найдаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн төвийг анх санхүүгийн ямар эх үүсвэрээр барьсан бэ?

- Аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо 2004 онд байгуулагдсан. "Дэлхийн зөн-Монгол" олон улсын байгууллага барилгыг барихад 30-аад сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Мөн тухайн үеийн аймгийн Засаг дарга С.Хавал орон нутгийн төсвөөс 40 сая төгрөг шийдэж өгч байлаа. Түүнээс гадна эцэг эхчүүд, аж ахуйн нэгжүүд хандив өргөж 2011 онд 280 мкв талбайтай, 10 өрөө бүхий барилгыг ашиглалтад оруулсан юм.

Аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хэдэн хүүхэд байдаг вэ?

- Аймгийн хэмжээнд 900 гаруй хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй гэсэн оноштой байдаг. Үүнээс 370 орчим хүүхэд ерөнхий боловсролын сургуульд, 15 хүүхэд цэцэрлэгт суралцаж байгаа.

Танай төвийн боловсон хүчний хангамж ямар байна. Тусгай хэрэгцээт боловсрол олгодог мэргэжлийн хүмүүс байна уу?

- Согог зүйч мэргэжилтэй хүмүүс байхгүй ч багш мэргэжилтэй хүмүүсийг Улаанбаатар хотод мэргэшүүлэх сургалтуудад хамруулж, бусад аймаг дахь ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад туршлага судлуулж бэлтгэсэн. Харин хөдөлгөөн засалчийг бүр 2006 онд бэлтгэж, одоо 10 гаруй жил үр дүнтэй ажиллаж байна. Мөн Япон Улсын "Жайка" байгууллагын дэмжлэгээр эмч бэлтгэж ажиллуулж байсан ч цалин мөнгөний асуудлаас болж өөр газарт шилжсэн. Өөрсдийн нөөц боломжоо бүрэн ашиглаж, багш нараа хөрвөх чадвартай болгон үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах зайлшгүй шаардлага бидэнд байна.

- Тус төв нь нэг дор хэдэн хүүхдэд үйлчилгээ үзүүлэх боломжтой вэ?

- Өдөрт 40 хүүхэд хүлээн авах боломжтой. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах багш нарын ачаалал маш их байдаг учраас зохицуулалт хийж, шаардлагатай бол хоёр ээлжээр ажиллаж болно.

Сэргээн засах ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

- Хүүхдийн алдагдсан чадварыг нөхөн сайжруулах, хөдөлгөөний эвсэл олгох, өөр аргаар орлуулах, юм бичиж сургах, хамгийн наад зах нь хувцасныхаа товчийг товчилж сургахад чиглэсэн үйлчилгээ үзүүлдэг. Голдуу амьдралын чанарыг дээшлүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг.

Тус төв үйл ажиллагаа явуулахад одоо хэдэн төгрөгийн санхүүжилт шаардагдаж байна?

- Жилд 60 орчим сая төгрөгийн үйл ажиллагааны зардал гардаг. Санхүүгийн асуудал шийдэгдвэл сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүнд хэлбэрийн хүүхдүүдийг төвдөө сэргээн засаад, сургууль, цэцэрлэгүүдэд шилжүүлэх боломжтой. Бид өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд 30-аад хүүхдийг сэргээн засаж, ерөнхий боловсролын сургуульд шилжүүлсэн. Судалгаагаар манай аймагт хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 400 гаруй хүүхэд сургууль, цэцэрлэгийн гадуур байдаг. Тусгай хэрэгцээний боловсрол олгодог өөр байгууллага байхгүй тул эдгээр хүүхдүүдэд хүрч ажиллахыг зорьж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн төвд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд хуулийн үндэслэл саад болж байна уу, эсвэл мөнгөний эх үүсвэр байхгүй байна уу?

- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэмшүүлэх, сэргээн засахад дэмжлэг үзүүлэх хууль, эрх зүйн орчин хангалттай байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд орон нутгийн удирдлага, эрх бүхий байгууллага, албан тушаалтан ямар үүрэгтэйг тодорхой заасан. Харамсалтай нь хууль хэрэгжихгүй байна.  

- Баярлалаа. 

Холбоотой мэдээ