Ард нийтийн санал асуулгыг зарлах, зохион байгуулах тогтоолын төслийг хэлэлцэнэ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-13 19:08:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын даргын зөвлөл өнөөдөр хуралдаж, ирэх долоо хоногийн ээлжит бус чуулганы хуваарь гаргажээ. Ирэх долоо хоногт Ёс зүйн дэд хороо болон Байнгын хорооны хоёр дэд баг хуралдахаас гадна Ард нийтийн санал асуулга явуулах хугацааг зарлах, зохион байгуулалтыг хангах тухай тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэнэ. 


Тодруулбал, даваа гарагт Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд баг 11.00 цагт Төрийн ордны 350 тоот өрөөнд хуралдах юм. Мөн УИХ-ын гишүүний сахилга, ёс зүйн асуудлаар, даваа гарагийн 14.00 цагт Ёс зүйн дэд хороо Төрийн ордны "Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдахаар төлөвлөжээ. 


Харин мягмар гарагийн 10.00 цагт Төрийн ордны "Г" танхимд УИХ-ын 177 дугаар захирамжаар байгуулагдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны дэд баг хуралдана. Тус дэд баг нь “Төрөөс авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хийдэл, зөрчил болон хуулийн хэрэглээний нөхцөл байдлыг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал дүгнэлт гаргах үүрэгтэй байгуулагдсан юм.


Лхагва гарагт Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, санал боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны дэд багийн хуралдаан үргэлжилнэ. Түүнчлэн УИХ-ын даргын 2018 оны 57 дугаар захирамжаар байгуулагдсан Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын багийн бэлтгэсэн санал, дүгнэлтийг үндэслэн УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын багийн хуралдаан мөн өдрийн 14.00 цагаас Төрийн ордны “В” танхимд болно.


Мөн лхагва гарагт Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр "Ард нийтийн санал асуулга явуулах өдрийг зарлан тунхаглаж, зохион байгуулалтыг хангах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. 

Холбоотой мэдээ