Жек Ма огцорч, “Alibaba” компанийн шинэ эрин үе эхэлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-09-10 14:54:41

БЭЭЖИН. /BBC/. Цахим худалдааны салбарт тэргүүлэгч “Alibaba” компанийн тэргүүн Жек Ма мягмар гарагт огцорсноор тус компанийн нэгэн эрин үе өндөрлөж байна.


Англи хэлний багшаар ажиллаж байсан Жек Магийн 1999 онд үүсгэн байгуулсан “Alibaba” компани дэлхийн цахим худалдааны хамгийн том фирмүүдийн нэг болсон юм. Жек Ма өөрийн гаргасан амжилт болон өнгөлөг хувцаслалтаараа Хятадын бизнес эрхлэгчдийн дундаас олонд хамгийн их танигдсан нэгэн болжээ.


Түүний халааг “Alibaba” компанийн гүйцэтгэх захирал Даниэль Жан авах ажээ. Өнгөрсөн хугацаанд “Alibaba” компанийн үнэлгээ 480 тэрбум ам.долларт хүрч, Жек Ма Хятадын хамгийн чинээлэг иргэн болсон байна.


Жек Ма гэж хэн бэ?

Хятадын Ханжоу хотын зүүн хэсэгт амьдардаг ядуу гэр бүлд төрсөн Жек Ма өөрийн карьерээ багшийн ажлаар эхлүүлжээ. Тэрбээр 33 настайдаа анхны компьютерээ худалдан авж, интернэтээр “шар айраг” хэмээн хайхад Хятадын нэг ч шар айраг гарч ирээгүйд ихэд гайхаж байжээ.


Компьютерийн ухааны мэдлэг дутмаг тэрбээр орон сууцандаа “Alibaba” компанийг үүсгэн байгуулж, өөрийн цахим худалдааны газартаа хөрөнгө оруулахыг хэсэг бүлэг найз нараасаа ятгаж байв. Тэрбээр фирмээ олон улсад толгой цохьсон компаниудын нэг болгож, "AlibabaНью-Йоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гарган хамгийн их хөрөнгө босгосон компаниар тодорч байжээ.


"38.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Жек Ма дэлхийн хамгийн чинээлэг тэрбумтнуудын жагсаалтад бичигдэж байна" гэж “Forbes” сэтгүүл мэдээлжээ. Мөн тэрбээр олны анхаарлын төвд байх дуртай нэгэн бөгөөд 2017 онд болсон “Alibaba” компанийн арга хэмжээний үеэр алдарт дуучин Майкл Жексоны өмсдөг байсантай ижил загварын хувцас өмсөж байжээ.


Жек Магийн дараагийн төлөвлөгөө юу вэ?

Жек Ма өнгөрсөн онд “New York Times” сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр буяны үйл ажиллагаа болон боловсролд голчлон анхаарах хүсэлтэй байна хэмээн хэлж байжээ. Мөн тэрбээр албан тушаалаасаа огцрох нь төгсгөл биш харин шинэ эрин үеийн эхлэл гэж хэлсэн байна.


"Жек Ма “Alibaba” компанийн Захирлуудын зөвлөлийн гишүүн хэвээр байх бөгөөд компанийн удирдлагыг үргэлжлүүлэн хянана" гэж “New York Times” сонин мэдээлжээ. 

Холбоотой мэдээ