Ерөнхийлөгч Х.Баттулга хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-10 14:22:56
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэв. 


УИХ-аас 1998 онд баталсан тогтоолын дагуу жил бүрийн энэ өдрийг хэлмэгдэгсдийг дурсан хүндэтгэх өдөр болгож, Төр, Засгийн тэргүүн нар хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл илэрхийлдэг уламжлал тогтсон юм. 


Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын дарга Г.Занданшатар болон зарим УИХ-ын гишүүн, улс төрийн намын төлөөлөл, хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн зэрэг хүмүүс хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв.


Улс төрийн хэлмэгдүүлэлтэд 36 мянга орчим хүн өртсөнөөс, одоогийн байдлаар 31 мянга гаруй иргэний нэр төрийг сэргээж, цагаатгаад байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд 2018 оны 1-р сарын 12-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулснаар цагаатгуулах тухай өргөдөл гомдлыг хүлээн авах хугацааг 2020 оны 12-р сарын 31 хүртэл сунгасан байна.


Мөн улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн эхнэр, нөхөр эсвэл хэлмэгдэгсийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг, мөн хорих ялаар шийтгүүлсэн дээрх хүмүүст 40 сая төгрөг тус тус олгохоор тусгасан. Одоогийн байдлаар хуулийн хүрээнд 794 хүнийг өдөр тутмын сонинд зарлаж, нөхөн олговорт 3.2 тэрбум төгрөгийг олгосон байна. 

Холбоотой мэдээ