Ш.Шинэбаяр: Манай тосгоны хамгийн том тулгамдсан асуудал шийдэгдэж байгаа

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-09-10 15:53:03

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Ш.Шинэбаяртай ярилцлаа. Тэрбээр 2016 оноос Хэрлэн сумын Иргэдийн хурлын ажлын албанд ажиллаж эхэлсэн бөгөөд энэ оны дөрөвдүгээр сараас Тахилгат тосгоны захирагчаар сонгогдон ажиллаж байна. Тус тосгон 2000 оноос Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Тахилгат тосгон болсон бөгөөд ирэх онд 20 жилийн ой нь тохиох юм.


- Сайн байна уу? Сайхан намаржиж байна уу Та?

-.Сайхан намаржиж байна. Танай сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе.

- Тахилгат тосгоны хувьд зуншлага ямархуу байв? Намрын ажил ид өрнөж байгаа биз дээ?

- Манай Тахилгат тосгон хур бороотой, өвс ногоо зарим хэсгээрээ сайн ургасан. Намар сайхан эхэлж байна. Хэдий тийм ч хүйтнээс өрсөж өвлийн бэлтгэлээ цаг хугацаандаа хийхгүй бол өвөл биднийг хүлээхгүй. Сумын болон аймгийн засаг даргын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах албан даалгаврын хүрээнд нийт 500 боодол өвс бэлтгэнэ. Энэ ажил одоогоор 80 гаруй хувьтай явж байна. Малчид маань бас дор бүрнээ хадлан тэжээлээ бэлдээд, худаг усаа засч янзалж байна.

 -Танай тосгонд мал бүхий хэчнээн иргэд байдаг вэ? Улс аймгийн сайн малчид энэ жил төрөн гарсан уу?

-Нийт 213 малчин өрх байдаг. 2019 оны байдлаар 105105 толгой мал тоолуулсан. Мал сүргээ таван төрөлд жигд өсгөсөн амжилттай байлаа. Энэ жил Төмөрийн Сэдэд шинээр аймгийн аварга малчин боллоо. Сумын аварга малчнаар Н.Ганбаатар тодорсон. Мөн шинээр дөрвөн мянгат малчидтай болсон.байгаа.

- Хэчнээн хүн амтай вэ? Суманд ажлын байр болоод ажилтай хүмүүс хэр олон байдаг вэ?

-Манай тосгон нийт 796 хүн амтай. Үүнээс 230 орчим нь 15-35 насны залуучууд байдаг. Төрийн албан хаагч гэвэл эрүүл мэндийн төв, цэцэрлэг, захирагчийн ажлын алба гэсэн гурван төрийн байгууллагад 20 гаруй хүн ажиллаж байна. Ихэнх нь малчин мал бүхий иргэд байдаг. Өнгөрсөн жил манайхаас хоёр хүн ЖДҮ-ийг дэмжих төсөлд хамрагдсан. Бичил уурхайн чиглэлээр нөхөрлөл ажиллаж жонш олборлож байна. Миний хувьд ажлаа авсан даруйдаа өнгөрсөн тавдугаар сард сумын ИТХ-д хүсэлт явуулаад хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан. Сумын ИТХ-ын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн бодлогын хорооны дарга, Г.Бат-Эрдэнээр ахлуулсан цагдаа мэргэжлийн хяналт, байгаль орчны холбогдох мэргэжилтнүүдийн хамтарсан хяналт шалгалтыг хийж, эдгээр нөхөрлөлүүдэд хууль тогтоомжуудын хэрэгжилт хэрхэн хангагдаж байгааг шалгаж гарсан зөрчил дутагдлуудыг арилгуулж, газар дээр нь арга хэмжээ авч ажилласан байгаа.

- Тосгонд цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн. СӨБ-д хамрагдах ёстой нийт хүүхдийн хэдэн хувийг бүрдүүлж чадаж байна вэ?

-Манай цэцэрлэгт энэ жил нийт 24 хүүхэд хүмүүжиж байна. Холимог бүлэг гэж явдаг. Үүнд тосгоны ойролцоо амьдардаг малчдын болон төрийн албан хаагчдын хүүхдүүд хамрагддаг. Өнгөрсөн жил манай цэцэрлэгийн хүүхдүүдийн тоглоомын хүрэлцээ муу байсан. Тосгоноосоо сонгогдсон П.Сарантуяа төлөөлөгчтэй хамтраад 500.000 мянган төгрөгийн тоглоом авч өгсөн байгаа.

-Таны хувьд энэ тойргоос сонгогдсон төлөөлөгч хүн. Ер нь ажил авснаасаа хойш хийж бүтээсэн онцлог, бодит ажил юу байна?

-Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллах үеэрээ манай тосгоны иргэдтэй уулзалт хийсэн. Иргэд маань ч тун идэвхтэй оролцсон. Тухайн үед тосгоныхоо эрүүл мэндийн төвийг шинэчлэх саналыг хүргүүлэхэд хүлээн авч Засгийн газрын нөөц сангаасаа шийдвэрлэж өгөхөө илэрхийлсэн. Ирэх 10 дугаар сарын эхээр бүтээн байгуулалт эхлэх гэж байна. Мөн манай тосгон өнөөдрийг хүртэл тог цахилгааны хувьд хүндрэлтэй явж ирсэн. Үе үеийн захирагч нар энэ асуудлыг шийдэхийг эрмэлзэж ирсэн. Миний хувьд сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоноосоо хойш энэ асуудлаар санал дэвшүүлж байсан. Ингээд аймаг орон нутгийн дэмжлэгээр Бэрхээс нааш улсын төсвийн 900 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий шинээр эрчим хүчний ажлыг хийж байна. Хуучин байсан эрчим хүч нь 2012 онд суурилуулж байсан туршилтын тог юм байна лээ. Түүнээс хойш ойр ойрхон гэмтэл гарсан. Хүчтэй салхи, шуурга, бороо ус зэрэг байгалийн хүчин зүйл тохиолдох бүрт л 10 орчим сая төгрөгийн хохирол учирхуйц гэмтдэг байсан. Харин энэ жилээс эхлээд 380 вольтын байнгын тогтой болох боломжоор хангагдаж байна. 10 дугаар сарын 20 гэхэд ашиглалтад орно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Энэхүү бүтээн байгуулалтыг хийж хэрэгжүүлэхэд аймаг орон нутгийн удирдлагуудын дэмжлэг, иргэдийн оролцоо чухал нөлөөлсөн гэдгийг энэ дашрамд хэлмээр байна. Манай тосгоны хувьд хамгийн том тулгамдсан асуудал шийдэгдэж байгаад маш их баяртай байгаа

-Үндсэн хуулийн өөрчлөлт ид яригдаж байна. Орон нутагт тэр тусмаа нутгийн удирдлагын байгууллагын анхан шатны нэгжид ажиллаж байгаа хүний хувьд хэлэлцэж байгаа асуудлыг хэрхэн үзэж байна?

-Багийн засаг дарга, сумынх ч ялгаагүй нутаг орон, хүн зоныхоо ажил амьдрал, байгаль дэлхий, газар шороо, ан гөрөө, өвс ургамал, мал сүргийнхээ байр байдлыг гарын арван хуруу шигээ мэддэг хүн байх хэрэгтэй гэж боддог, Манай хөдөөд улс төржинө гэж нэг аюул бий. Ах дүүс дотроо, айл хөршүүд ч гэсэн талцан хуваагдах нь бий. Тийм болохоор зөв хүнээ өөрсдөө сонгох нь амьдралд илүү ач холбогдолтой байж болох юм.

-Цаашдынхаа ажлын зорилгоос бидэнд хуваалцаач?

-Миний хувьд өмнө нь ажиллаж байсан Засаг дарга нарынхаа ажлыг үргэлжлүүлж, төрийн албаны залгамж чанар байх ёстой гэдэг зарчмаар ажилладаг. Манай тосгоны 700 гаруй хүн амын 230 орчим нь залуучууд болохоор соёлоор цангана шүү дээ. Тиймээс залуучуудынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх газар бий болгохоор шат дараатай арга хэмжээнүүдийг авч ажиллахыг хичээж байна даа. Үүний эхлэл болгож аймгийн болон сумын Засаг даргын дэмжлэгээр таван сая төгрөгийн хөгжмийн тоног төхөөрөмж шийдэж өгсөн. Тог цахилгааны асуудал маань жигдрээд ирэхээр төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлээд явна. Мөн ахмадаа дэмжсэн олон ажлыг хийхээр төлөвлөсөн байгаа.

-Таныг сурын спортын тамирчин гэдгийг мэдэх юм байна. Хэзээнээс харваж эхэлсэн бэ? Одоогоор ямар амжилтуудыг үзүүлээд байна?

-2004 онд анх урианхай сур харваж сурсан. 2009 оноос хойш үндэсний сур, урианхай сур, буриад сур гэсэн гурван төрлийн харваагаар харваж байна. Одоо Хэнтий аймгийн урианхай сурын холбооны тэргүүнээр ажилладаг. Өнгөрсөн оноос эхлэн сурын харваа сонирхдог хэсэг залуус нэгдээд Их хааны мэргэд клуб ТББ-ыг байгуулсан. Миний бие энэ клубийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байна. Бидний ур чадвар амжилт жилээс жилд сайжирч байгаа. Хэнтий аймгаас удахгүй төрийн баяр наадмын түрүү харваач, Монгол Улсын мэргэн цолтон төрнө гэдэгт итгэлтэй байдаг. Сурын харваа гэдэг бол уртаашаа ухаан өргөөшөө хүч шаардсан гайхамшигт үндэсний өв соёл юм даа. Миний хувьд томоохон амжилт одоохондоо гаргаагүй л байна. Сумын болон жижиг наадмуудад олон удаа түрүүлж шагналт байрт шалгарч байсан. Үүнээс урианхай сурын харваагаар 2015 онд аймгийнхаа баяр наадамд гутгаар байрт шалгарч байсан.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

 

 

Холбоотой мэдээ