ЕТГ-ын дарга З.Энхболд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох хүсэлт гаргажээ

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-09-10 10:49:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохоор “Хүсэлт хүргүүлэх тухай” албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүллээ.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд тусгуулах саналыг өргөн барьсан бөгөөд дээрх санал нь бие даасан Тогтоолын төсөл биш" гэдгийг онцлоод, албан бичигт дараах тайлбарыг ирүүлжээ. 


“Хүсэлт хүргүүлэх тухай” албан бичигт “УИХ-ын энэ сарын 7-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгад оруулахаар шийдвэрлэсэн. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 15 дахь хэсгийн “Байнгын хороо хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулахаас өмнө Ерөнхийлөгч, Засгийн газар уг төсөлтэй холбогдуулан санал ирүүлсэн бол тухайн Байнгын хороо төслийн анхны хэлэлцүүлэг хийх үед хуралдаан даргалагч тус саналыг танилцуулах бөгөөд шаардлагатай гэж үзвэл гишүүд асуулт асууж, тайлбар авч болно” гэж заасан. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс дээрх заалтын дагуу ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэвэл зохих Үндсэн хуулийн асуудлын талаарх өөрийн саналыг УИХ-ын тогтоол хэлбэрээр хүргүүлсэн болно.

Үүний хүрээнд миний бие энэ сарын 9-ний өдөр хуралдсан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцож, Ерөнхийлөгчийн саналыг танилцуулж, УИХ-ын дарга танд биечлэн гардуулсан бөгөөд Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийн дагуу уг асуудлыг хэлэлцэх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгчийн зарим зөвлөхүүдийн хамт оролцож, саналыг нь танилцуулахын зэрэгцээ УИХ-ын гишүүдэд тодорхой тайлбар өгөх шаардлагатай байна.

Иймд Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оролцох боломжоор хангаж өгөхийг хүсье” гэжээ.



Холбоотой мэдээ