БНАСАУ: АНУ-тай хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-09-10 09:20:49

ПЁНЬЯН. /Kyodo/. Есдүгээр сарын сүүлээр АНУ-тай ажлын түвшний хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн байна гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чой Сон Хуй даваа гарагт мэдэгджээ.


Чой Сон Хуй “KCNA” агентлагт мэдээлэхдээ, өнгөрсөн дөрөвдүгээр сард БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Вашингтоны “зоримог шийдвэр”-ийг энэ оны эцэс хүртэл хүлээнэ хэмээн хэлснийг онцолжээ. Мөн тэрбээр харилцан ашигтай хэлэлцээний арга барил сонгох хангалттай хугацааг АНУ-д олгосон хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байна.


Хэрэв АНУ ажлын түвшний хэлэлцээний арга барилаа өөрчлөхгүй бол БНАСАУ гэрээ байгуулах чиглэлд гаргаж буй хүчин чармайлтаа зогсооно гэж Гадаад хэргийн дэд сайд нэмж хэлжээ.


АНУ, БНАСАУ-ын удирдагчид өнгөрсөн зургадугаар сарын 30-нд хоёр Солонгосын хилийн Панмүнжом тосгонд уулзаж, цөмийн хэлэлцээгээ ойрын хугацаанд үргэлжлүүлэхээр тохиролцсон боловч өдийг хүртэл ямар нэг хэлэлцээ өрнөөгүй байгаа юм. Түүнчлэн Пёньян өнгөрсөн долдугаар сарын сүүлээс хойш ойрын зайн тусгалтай баллистик пуужингийн туршилтыг долоон удаа явуулсан байна.

Холбоотой мэдээ