Монгол залуус ЮНЕСКО-гийн загвар хуралдааныг хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-09-07 14:09:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Суурин төлөөлөгчийн байранд “Модель ЮНЕСКО Монгол” олон улсын залуучуудын бага хурал өнөөдөр болж байна.

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс болон НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулж буй энэ хурлаар ЮНЕСКО-гийн гишүүн орны залуус дэлхий нийтэд тулгамдаж буй зүйлийн талаар өөр өөрийн орны байр сууриа илэрхийлэн хэлэлцэж, хийсэн судалгаагаа танилцуулж мэтгэлцээн явуулж байна. Ингэснээр мөн залуучууд хувь хүний хувьд илтгэх ур чадвараа дээшлүүлж, Тогтвортой хөгжлийн зорилтуудын талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлж буйг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга онцоллоо.


Залуусын хэлэлцэж буй сэдвүүдийг ирэх жилүүдэд хэрэгжүүлэх ЮНЕСКО-гийн боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын төсөл, хөтөлбөрүүдийн тэргүүлэх чиглэлд тусгах юм гэдгийг мөн тэмдэглэн хэлж байна.

Манай улс ЮНЕСКО-гийн залуучуудын хурлыг НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газартай хамтран 5 дахь жилдээ хийж буй бөгөөд энэ жилийн хувьд анх удаа ЮНЕСКО-гийн хуралдааны загвараар зохион байгуулж байгаагаар бас онцлог болж байгаа аж. Энэ талаар манай улсад ирээд буй ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын Нийгэм, хүмүүнлэг, шинжлэх ухааны салбарын газрын дарга Фредрик Рассель Ривоалленаас тодруулбал, “Энэ удаагийн бага хурал, нэгд, залуучуудад “Модель ЮНЕСКО”-д оролцож дэлхий дахин тулгараад буй зүйлийн талаар ярилцах боломжийг олгож байна. Хоёрт, залуучуудын олон талт хамтын ажиллагаанд оролцох чадварыг бэхжүүлэх, гуравт, Монгол Улс НҮБ-ын загвар хуралдааныг дэлгэрүүлж хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулж буйгаар онцлог болж байна” гэв.



Тэрээр “Монголын залуучуудын хувьд олон зуун сая жилийн нүүдлийн ахуй, өв уламжлалаа хадгалахын зэрэгцээ орчин үеийн техник, технологийн өнөөгийн хөгжлийн нөхцөлд амьдарч байна. Ийм сүлэлдсэн нөхцөлд залуучууд өвөрмөц шинэ зүйлийг гаргаж ирэх боломжтой. Нэг ёсондоо, сүүлийн 20 жилд Монголд гарсан огцом өсөлт дэвшлийн үед өсөж төрсөн монгол залуус өөрийнхөө өв уламжлалд суурилан, хөгжил дэвшилтэд тулгуурлаад шинэ монгол ертөнцийг, шинэ Монгол Улсыг бий болгоход хувь нэмрээ оруулан дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах боломж Монгол залуусын өмнө байна” гэдгийг тэмдэглэж байв.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Холбоотой мэдээ