Монголын пара спортынхон түүхэн амжилтын гараагаа 2008 онд эхлүүлсэн

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-09-05 13:26:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаа төлөөлөн “Токио-2020” паралимпын наадамд оролцох баг тамирчид эрхийн төлөө тэдний хөлс хүч, ур чадвараа дайчилж, даван туулж гарсан ялалт, бэлтгэл сургуулилт, ар гэр, дэмжигч байгууллага, хувь хүн, хамтын ажиллагааны талаар сурвалжилсан нийтлэл, сурвалжлагыг эрхэм спорт сонирхогч та бүхэндээ цувралаар толилуулж байгаа билээ.


Цувралын эхэнд дэлхий дахинд Паралимпын үүсэл, хөгжлийн түүхэн замналын тухай танилцуулсан бол энэ удаа Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн пара спорт хэрхэн хөгжиж ирсэн түүхийг сөхөж та бүхэндээ сонирхуулж байна.

Монголын үндэсний паралимпын хороо /МҮПХ/-ноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн идэвхтэй амьдралд татан оролцуулах,  нийгэмшүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх сонирхлыг өрнүүлж ирсэн 30 жилийн түүхийг бичжээ. Өнөөдөр тэдний дундаас спортын авьяаслаг ур чадвартай өсвөр, залуу тамирчдыг нээн илрүүлж тив, дэлхий, паралимпын наадмын түвшинд өрсөлдүүлэх, залгамж халааг бэлтгэхэд онцгой анхаарч ажилласны үр дүн гарч байна.


МҮПХ-ноос орон нутагт паралимпын спортыг хөгжүүлэх зорилгоор тогтмол сургалт зохион байгуулдаг болсон нь хөгжлийн бэрхшээлтэй өсвөр залуу үеийг төдийгүй бүх насныханд их урам, эрч хүч өгөх болжээ. МҮПХ-ны төлөөлөгчийн газар аймаг бүрт амжилттай үйл ажиллагаа явуулж пара спортыг улс орон даяар түгээн дэлгэрүүлэх боломжийг нээж байгаа юм.

Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын асуудлыг хариуцсан төрийн бус байгууллага /ТББ/ анх 1989 онд Тахир дутуу хүмүүсийн БТС-ын холбоо нэртэй байгуулагдсан. Харин 1995 оноос Монголын Паралимпын хороо хэмээх нэртэй болж албан ёсоор байгуулагдсан бөгөөд 2000 онд Олон улсын паралимпын хороо/ОУПХ/-ны гишүүнээр элсэн оржээ.


Монголын паралимпын тамирчид Австрали улсын Сидней хотноо болсон Зуны паралимпын 11 дүгээр наадмаас эхлэн паралимпын наадамд анх оролцож эхэлсэн түүхтэй. Улмаар “Бээжин-2008” Зуны паралимпын 13 дугаар наадамд манай улсын баг тамирчид байт харваа, буудлага, жүдо бөхийн төрлөөр нийт 4 тамирчин оролцож байт харваагаар Д.Баатаржав алтан медаль хүртэж Монгол Улс тус наадамд оролцсон 147 орноос 51 дүгээр байр эзэлж Монголын пара спортын тамирчдын анхны түүхэн амжилтын алтан хуудсыг нээсэн билээ.


Бразил улсын Рио де Жанейро хотноо зохион байгуулсан “Рио-2016” зуны 15 дугаар паралимпын наадамд байт харваа, пауэрлифтинг, буудлага, жүдо бөх, хөнгөн атлетикийн төрлөөр нийт 8 тамирчин оролцож жүдо бөхөөр Б.Ууганхүү, пауэрлифтингээр Э.Содномпилжээ тус тус паралимпын хүрэл медаль хүртэж манай тус наадамд оролцсон 159 орноос 75 дугаар байрт шалгарсан юм.

Өвлийн пара спортын төрлөөр гүйлтийн цанын тамирчид 2006 онд Итали улсын Турин хотноо болсон паралимпын наадамд анх удаа оролцсон түүхтэй. Канад улсад болсон “Ванкувер-2010” өвлийн паралимпын наадамд манай 2 тамирчин урилгаар оролцсон бол 2014 онд ОХУ-д зохион байгуулсан “Сочи-2014” Өвлийн паралимпын наадамд ДАШТ-ээс анх удаа манай цанын тамирчин Б.Ганболд паралимпын эрх авч, амжилттай оролцсон билээ.


БНСУ-д болсон “Пёнчан-2018” өвлийн паралимпын наадамд Б.Ганболд гүйлтийн цанын 3 зайд хурдаа сорьсон бөгөөд 1,5 км зайд уралдсан 35 орны тамирчдаас 14 дүгээр байрт шалгарсан өндөр амжилтыг үзүүлсэн юм.


Өнөөгийн байдлаар, манай улсад пара спортын 16 спорт холбоо албан ёсоор үйл ажиллагаа явуулж байна. Одоогоос 10 жилийн өмнөөс Монголын паралимпын хороо шинэ бүтэц зохион байгуулалтад орж, 2017 оноос Монголын үндэсний паралимпын хороо /МҮПХ/ болж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байна.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад паралимпын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн биеийн тамир спортод татан оролцуулах, ОУПХ-ны гишүүн орнууд, олон улсын пара спортын байгууллагатай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх олон шинэ ажлыг хэрэгжүүлээд байна.


Тухайлбал, МҮПХ нь БНХАУ, БНСУ, ОХУ, Япон, ХБНГУ, Хонконг, Казахстан зэрэг 10 гаруй үндэсний паралимпын хороотой хамтын ажиллагаатай ажиллаж байна. ОХУ болон БНХАУ-д МҮПХ-ны төлөөлөгчийн газар ажилладаг. ОУПХ-ноос 2011 онд МҮПХ-г идэвх санаачлагатай, бүтэц зохион байгуулалтыг сайн удирдан чиглүүлж ажилласныг өндөр үнэлсэн байдаг. Мөн 2013 онд ОУПХ таван тивийн 100 гаруй үндэсний паралимпын хорооны дунд судалгаа хийж, сүүлийн шалгаруулалтад 22 үндэсний паралимпын хорооноос МҮПХ Ази тэргүүлэн шалгарч эх орондоо 2014, 2015, 2016 онд төсөл хэрэгжүүлэх эрхээр шагнуулсан юм.


Азийн паралимпын хороо /АПХ/-ны 2019 оны Ерөнхий Ассемблейн чуулганаар МҮПХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Оюунбат “Эмэгтэйчүүд ба спорт” хорооны даргаар сонгогдсон. Ийнхүү Монгол Улс анх удаа АПХ-ны удирдах зөвлөлийн гишүүнтэй болоод байна. Мөн Н.Оюунбат нь ОУПХ-ны Удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр тус хорооны “Эмэгтэйчүүд ба спорт” дэд хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр Ази тивийг төлөөлөн томилогдсон юм.

Пара спортын төрлүүдийг хөгжүүлэхэд мэргэжлийн шүүгч, өндөр мэдлэг, чадвартай багш дасгалжуулагч нэн чухал үүрэгтэй байдаг. Олон улсын хараагүйчүүдийн холбоо, Монголын паралимпын хороо, Монголын хонхот бөмбөгийн холбоотой хамтарч анх удаа Монгол Улсад хонхот бөмбөгийн олон улсын шүүгч, дасгалжуулагч нарын сургалт семинарыг 2014 онд амжилттай зохион байгуулсан юм. Мөн 2015 онд АПХ-той хамтарч Бочи спортын шүүгч, дасгалжуулагчийн сургалтыг Дэлхийн Бочи холбооны дэмжлэгээр амжилттай зохиож, энэ спортыг хөгжүүлэх гарааг эхлүүлж олон тамирчдыг төрүүлээд байна.


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан Спорт цогцолборыг Нийслэлийн хөрөнгө оруулалтаар барих ажлыг 2013 онд шийдвэрлүүлсэн. Тус цогцолбор баригдсанаар манай улсад үйл ажиллагаа явуулж буй пара спортын холбоод өөрийн гэсэн стандартын заал танхимтай болох юм. Ингэснээр пара спортоор хичээллэгч тамирчид бэлтгэл сургуулилтаа стандарт зориулалтын дагуу хийх тааламжтай орчин бүрдэж амжилтаа улам бүр ахиулж дэлхийн түвшинд хүрч өрсөлдөнө. Энэхүү Спорт цогцолборын зураг төслийн ажилд 200 сая төгрөгийг нийслэлийн хөрөнгөнөөс гаргаж зарцуулсан байна. Улмаар БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд 2019-2021 онд уг цогцолбор ашиглалтад орох юм.

Багш дасгалжуулагч нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор гадаад дотоодын сургалтад тогтмол хамруулж байна. Тухайлбал, багш, дасгалжуулагчдыг 2017-2019 оны байдлаар гүйлтийн цанын төрлөөр Герман, уулын цанын төрлөөр Арабын нэгдсэн Эмират улс, усанд сэлэлтийн төрлөөр Сингапур улсад сургалтад хамруулсан юм. Мөн энэ онд Тайланд улсад болсон ОУПХ-ны удирдах ажилтны сургалтад хүмүүсээ хамруулсан байна.


МҮПХ-ноос төлөвлөсөн ажлуудаа гүйцэтгэхэд улсын төсвөөс болон олон улсаас дэмжлэг туслалцаа авдаггүй. Харин ивээн тэтгэгч, хандивлагч байгууллага, хувь хүмүүсийн туслалцаа, дэмжлэгээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Иймд төрийн болон ТББ-уудын дэмжлэг хамтын ажиллагаагаар төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэдгийг тус хорооны үйл ажиллагаа харуулж байна.


МҮПХ бол БТС-ын тухай хууль, төрөөс БТС-ын талаар баримтлах бодлогыг үндэслэл болгон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ангиллын дагуу пара спортын холбоодод бэлтгэл, сургалтыг нь зохион байгуулж, тус холбоодын ажил үйлчилгээг нэгдсэн бодлогоор удирдан чиглүүлэн идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх нөхцөлийг бүрдүүлэхийг эн тэргүүний зорилтоо болгон ажилладаг. Энэхүү зорилт өнөөдөр амжилттай хэрэгжиж, жил ирэх тусам пара спортоор хичээллэгчдийн тоо өсөхийн зэрэгцээ шинэ залуу тамирчид олноор гарч ирж, тэдний ур чадвар ахисаар байгаа юм.


Үүний нэг тод жишээ бол “Гуанжоу-2010”, “Инчеон-2014”, “Жакарта-2018” Азийн паралимпын наадамд баг тамирчдаа амжилттай бэлтгэн оролцож энэ наадмуудаас манай тамирчид 3 алт, 4 мөнгө, 14 хүрэл нийт 21 медалийг Азийн пара наадмаас аваад байна.


Өнөөгийн байдлаар “Токио-2020” зуны пара олимпын наадамд оролцох шигшээ багаас З.Ганбаатар /буудлага/, Э.Содномпилжээ /Пауэрлифтинг/, Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа /хоёул таеквондо/, Ц.Цогтгэрэл /хөнгөн атлетик/ нарын 5 тамирчин эрх өвөртлөөд, бэлтгэл сургуулилтаа эрчимтэй базааж байгаа юм.

Токиогийн паралимп эхлэхээс өмнө амжиж эрхээ авах тамирчид ч эрхийн төлөөх тэмцээндээ эрчимтэй бэлтгэж байгаа бөгөөд эрх авах боломжтой тамирчин цөөнгүй байна.

Холбоотой мэдээ