Сэжигтнийг шилжүүлэх өгөх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-09-05 10:16:41

ХОНКОНГ. /The Time/. Хонконгт олон сар үргэлжилсэн жагсаал цуглаан үүсгэсэн “Сэжигтнийг шилжүүлэх өгөх тухай хуулийн төсөл”-ийг албан ёсоор эргүүлэн татна гэж Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам лхагва гарагт мэдэгджээ.


Өнгөрсөн дөрөвдүгээр сард олон нийтэд танилцуулсан уг баримт бичигт Хонконг дахь сэжигтнүүдийг эх газрын Хятад руу шилжүүлэн өгөхийг тусгасан байжээ. К.Лам өнгөрсөн зургадугаар сард уг хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулсан боловч эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилсээр байсан юм.


Хуулийн төслийг эргүүлэн татах нь жагсагчдын таван гол шаардлагын нэг байсан бөгөөд тэд мөн ардчиллын төлөө тэмцэж байгаа ажээ. Түүнчлэн зарим жагсагч К.Ламын шийдвэрийг үл харгалзан үргэлжлүүлэн жагсахаа мэдэгдсэн байна.


Лхагва гарагт Хонконгийн засаг захиргааны тэргүүн мэдэгдэхдээ, эмх замбараагүй байдлыг намжаахын тулд өөр бусад арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэжээ. Мөн жагсаалын үеэр цагдаагийн ажилтнуудын гаргасан үйлдлийг шалгах ажиллагаанд хоёр өндөр албан тушаалтныг нэмж томилно хэмээн мэдэгдсэн байна. Жагсагчдын өөр нэгэн шаардлага нь цагдаагийн гэм буруутай үйлдлийг мөрдөн шалгуулах байжээ.


Хонконгт жагсаал цуглаан 14 долоо хоног дараалан өрнөж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд цагдаагийн ажилтнууд болон жагсагчдын хоорондын сөргөлдөөн даамжирсан билээ.  

Холбоотой мэдээ