Богд суманд шинэ сургууль ашиглалтад орлоо

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-09-04 22:21:56

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн төвөөс хамгийн алслагдсан сум болох Богдод 320 хүүхдийн суудалтай сургууль баригдаж, өнгөрөгч амралтын өдөр нээлтээ хийлээ.

Тус сум 5600 гаруй хүн амтай бөгөөд ерөнхий боловсролын сургуульд 1000 гаруй хүүхэд суралцдаг аж. Хуучин сургуулийн барилга хуучирч муудсан, тааз, шал нь мөөгөнцөртсөн, сурагчийн ширээ сандал эвдэрсэн төдийгүй хүүхдүүд нь багтдаггүй зэрэг олон бэрхшээлтэй асуудал байгааг сумын иргэд УИХ-ын гишүүн С.Чинзоригт уламжилсны хүчинд ийнхүү шинэ сургуультай болжээ.

Улсын төсвийн 3 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгөөр баригдсан шинэ сургууль нь цэвэр, бохир усны системд холбогдсон, урлаг болон спорт заалтай, хүүхдүүдийн үдийн цайг бэлтгэх, халуун хоол цайгаар үйлчлэх гал тогоотой аж.

Өнгөрсөн өвөл Богд суманд 75 хүүхдийн цэцэрлэг шинээр баригдан ашиглалтад орж, 100 гаруй хүүхэд тав тухтай, тохилог орчинд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж бүрдсэн юм.

 

Холбоотой мэдээ