“Чонон саарал” морь биеийн өндрөөрөө гоц ялгардаг байжээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-02 14:15:49

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мянгад суманд алдаршсан есөн хурдан хүлгийн нэг бол "Чонон саарал" гэх морь юм.  Чонон саарал гэх морь нь 1948 онд Ховд аймгийн Мянгад сумын Мөрөн багийн малчин Н.Готовын бидэртэй эрмэг борогч гүүнээс төрсөн аж. 

Уяач Лувсангийн Бат-Очир даага насанд нь сургаж, аймгийн наадамд шүдлэн, хязаалан насанд нь унаж, түрүүлж байсан гэх. Шүдлэнд нь Готовын дүү Лхагваа, хязаалан наснаас өтлөх хүртэл нь уяач Сэдэнжавын Гомбоо уяж уралдуулж байжээ.  

Ер нь багаасаа их хурдан ажнай болох нь мэдэгдэж байсан гэж нутгийн иргэд хуучилдаг ба соёолон насандаа уралдаж хол тасархай түрүүлэхэд нь их насны морь байна хэмээн дахин шүдлүүлж байсан гэдэг.

Увс аймгийн Ховд сумын Ногоон цэгээний наадам болон Мянгад сумын “Их арлын сургууль”-ийн наадамд их насны морьдын уралдаанд түрүүлж ирэхэд нь барих хүний морь нь гүйцэлгүй хоцорч байсан түүхтэй.

Чонон саарал морь нь биеэр их том, галбир сайтай, уралдахаар гарч байгаа морьдын дотроос биеийн өндрөөрөө гоц ялгаран харагддаг, том толгойтой, өргөн магнайтай, соотон чихтэй, нүд томтой, майхан шиг алцгар салтаатай, галуун сагагтай, дэл, сүүл шингэн, хазах өшиглөхийг мэддэггүй, дөлгөөн араншинтай морь байжээ.

Ховд, Увс аймгийн наадамд бүрэн бус мэдээгээр 16 түрүүлж, дөрвөн удаа аман хүзүүнд хурдалж, нэг удаа айрагдаж “Мянгадын саарал”, “Чонон саарал” гэгдэх болжээ. Монгол Улсын анхны алдарт уяач Д.Цэвэгмид, дүү Д.Даваажанцан нарын бичсэн “Морин эрдэнэ” номонд “Уралдааны замд аль хэсгийг ямар хурдаар туулахыг өөрөө тохируулж барианы газар тасархай түрүүлдэг морьдын нэг нь Ховд аймгийн Мянгад сумын С.Гомбоон чонон саарал юм” гэж тэмдэглэжээ.

Тухайн үеийн уралдааны даамлын тооцсоноор чонон саарал 28.8 км замыг 27 минут буюу 17.8 м/сек  хурдлан түрүүлж энэ хурдаараа улсад хоёрдугаарт оржээ. Нэгдүгээрт нь Архангай аймгийн Их тамир сумын Л.Шагдаржавын хүрэн морь сум, аймагтаа 21 удаа түрүүлж 30 км замыг 21 минут 33 секунд буюу 23.2 м/сек хурдтай ирснийг одоо ч бусад морь эвдээгүй гэдэг.

Чонон саарлыг 1950 онд уралдаж байх үед нутгийн өвгөд “Энэ саарал морь үе нугаламгүй ажнай хүлэг яах аргагүй мөн” гэж ярилцдаг байж. Чонон саарлын молор эрдэнийн толгойг аймгийн алдарт уяач Жамцын Чулуунбат хадгалж байгаад 2010 онд сумын музейд өгч хадгалуулсан аж.

Холбоотой мэдээ