Энэ зун 65 хүүхэд англи хэлний вакуум сургалтад хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-08-31 17:10:41
Завхан /МОНЦАМЭ/. Завханы хүүхдүүд өнгөрсөн зуныг англи хэлээ сайжруулах сургалтад сууж үр дүнтэй өнгөрүүлжээ. 

Тодруулбал "Нарантуяа” сангийн дэмжлэгтэйгээр аймгийн БСУГ, “Шинэ үе” сургуультай хамтарсан "Англиар ярьцгаая" олимпиадыг өнгөрсөн гуравдугаар сард Завхан аймагт анх удаа зохион байгуулсан ажээ. Тус олимпиадыг зохион байгуулснаар ерөнхий боловсрол, их, дээд сургуулийн оюутан сурагчид болон англи хэлний багш нарын мэдлэг ур, чадварын түвшинг тодорхойлох судалгааг хийжээ.

Судалгааны дүнд англи хэлний сургалтын чанарыг сайжруулах, багш нарыг чадавхжуулах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн англи хэлний шалгалтуудыг амжилттай өгч тэтгэлэгт хамрагдах оюутан, суралцагсдын тоог нэмэгдүүлэх зорилготойгоор шат дараатай үйл ажиллагааг явуулахаар болсноо зарласан билээ. Тэгвэл дээрх олимпиадын үр дүнг харгалзан долоодугаар сарын 01-нээс наймдугаар сарын 19-нийг хүртэл гурван удаагийн вакуум сургалтыг амжилттай зохион байгуулжээ.

Завханы Улиастай болон, хөдөөгийн сумдын 7-12 ангийн 65 хүүхэд англи хэлний 21 хоногийн сургалтад хамрагдаж төгссөн байна. Сургалтыг Алдархаан сумын ерөнхий боловсролын сургууль дээр гурван удаа 21 хоног вакуум орчинд явуулжээ. Сургалтыг бичгийн англи хэл, ярианы англи хэл, ярианы англи хэлний дадлага гэсэн чиглэлээр явуулж зөвхөн англиар ярилцах дүрэмтэйгээр сурагчид суралцжээ. Мөн үеэр сурагчдад амьдрах ухаан, санхүүгийн боловсрол олгох, хуримтлалыг хэрхэн бий болгох вэ гэхчлэн хичээлүүдийг чөлөөт цагаар нь өгчээ.

Сургалтын бичгийн англи хэлний багшаар Улсын тэргүүний “Шинэ Үе” сургуулийн зөвлөх, мастер багш Ч.Нарангэрэл тэргүүтэй Шинэ Зеландад суралцаж төгссөн чадварлаг багш нар ажиллажээ. Түүнчлэн хүүхдүүдийн англи хэлний сургалттай давхцуулан хөдөөгийн сумдын англи хэлний 32 багшийг чадавхжуулах, арга зүй болоод туршлага судлах гурав хоногийн вакуум сургалтыг зохион байгуулжээ.

Энэ зуны сургалтын хаалт болж сургалтад амжилттай суралцсан хүүхэд бүр англи хэлний өөрийн түвшнийг ахиулснаас гадна хүүхэд бүрд өрхийн төсвийн дэвтрийг өгчээ. Анх удаа болж байгаа хэдий ч сургалтыг чанартай сайн болж, хүүхдүүд хөдөө орон нутгийн амьдралтай танилцан бие даахад нь чухал ач холбогдол өгсөн сургалт болсон хэмээн сайшаажээ. Цаашид сургалтыг жил бүр зохион байгуулахыг ч эцэг эхчүүд илэрхийлж байсан. Ирэх жил “Нарантуяа” сангаас гадаад багштай ярианы чадавхыг илүү сайжруулах чиглэлээр энэ удаагийн сургалтаа үргэлжлүүлэн явуулахаар боллоо хэмээн УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн ажлын албанаас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ