“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт 77,5 мянган хүүхэд хамрагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-08-30 17:03:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт энэ сарын 26-ны байдлаар 77 528 хүүхэд хамрагджээ.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд, 2-12 насны хүүхдийн шүдийг эмчилж, эрүүлжүүлэн хүн амыг амны хөндийн эрүүл ахуйг сахих дадал хэвшилд сургах, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг улс орон даяар хэрэгжүүлж байгаа билээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тус хөтөлбөрийн ажлын хэсгийн гишүүдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хагас жилийн хугацаанд хийсэн ажлын үр дүн, явцын талаар холбогдох албан тушаалтнууд танилцуулав.

Энэ жил 2-6 насны хүүхдүүдийг хөтөлбөрт хамруулж байгаа юм.

 Дашрамд дуулгахад, Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас зохион байгуулсан сонгон шалгаруулах ажилд улсын хэмжээнд 243 хувийн хэвшлийн шүдний эмнэлэг оролцсоноос орон нутагт 84, нийслэлд 115 эмнэлэг, нийт 199 эмнэлэг тэнцсэнээс, 153 эмнэлэг гэрээ байгуулж албан ёсоор ажиллаж байна.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулан, ажиллаж буй эмнэлгүүдийн мэдээллийг тус газрын www.emd.gov.mn сайтад байршуулсан.
Мөн “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хамрагдалтын 7 хоног бүрийн мэдээллийг дээрх сайтад тогтмол байршуулсан байгаа билээ.  

Цаашлаад энэхүү хөтөлбөрийг 2023 он хүртэл хэрэгжүүлэхдээ сонгон шалгаруулалтад тэнцсэн аймаг, нийслэлийн хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдтэй хамтарч хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулан эрүүлжүүлэх, тусламж өгөх, урьдчилан сэргийлэх үйлчилгээг гүйцэтгэх юм.

Холбоотой мэдээ