Нэхэмжлэх эрхийг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газарт шилжүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар “Шаардах эрх
шилжүүлэх гэрээ байгуулах” эрх олгох тогтоолын төслийг хэлэлцэв.
Нийслэлд Бичил
бизнесийг дэмжих санг
2014 онд байгуулж, нийт 14.3 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Үүнээс 4 тэрбум гаруй
төгрөг л эргэн төлөгдөөд байна. Үлдсэн
10 орчим тэрбум төгрөг огт төлөгдөөгүй байгаа учраас уг хөрөнгийг эргэн
төвлөрүүлэх шаардлагатай тулгарчээ. Уг хөрөнгийг нэхэмжлэх эрх НИТХ-д байгаа ч
энэ эрхийг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газарт шилжүүлэх талаар өнөөдрийн
НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцсэн юм.
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас дээрх хөрөнгийг
нэхэмжлэх хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шаардах эрх байхгүй учраас боломжгүй
гэсэн хариултыг өгсөн байна. Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор
шаардах эрхийг Нийслэлийн Хөдөлмөрийн газарт шилжүүлэх тогтоолын төслийг
баталлаа.
Өнөөдрийн хурлаар мөн нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн
авах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Тодруулбал, Хан-Уул
дүүргийн XXIII хороонд байрлах 150 хүүхдийн ортой 144 дүгээр
цэцэрлэгийн өргөтгөл, Чингэлтэй дүүргийн 83 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн
барилгуудыг тус тус бүртгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, тогтоол
гаргалаа.