Бизнесийнхний саналыг нэгтгэж Ерөнхий сайдад гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-д өчигдөр болсон Ерөнхий сайдын бизнес
эрхлэгчидтэй хийсэн уулзалтын төгсгөлд Танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин хувийн
хэвшлийнхэн болон бизнесийн чиглэлээр ажилладаг ТББ-уудын
саналыг нэгтгэснээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гардуулав. Тэрээр Засгийн газрын
тэргүүнд бизнес эрхлэгчдийн саналын мөрөөр цаг алдалгүй ажиллаж бодитой шийдвэр
гаргахад хамтарч ажиллахыг хүслээ.
Энд бизнесийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, худалдааг дэмжих зэрэг санал тусгагджээ. Бизнес эрхлэгчид ноос ноолуурын салбар хамгийн их ажлын байр бий болгодог хэрнээ төрийн дэмжлэг дутмаг, татвар өндөр байгааг мэдүүлж байна. Мөн махны экспортыг зөв зохион байгуулах хэрэгтэй байна, мэргэжлийн хяналтын байгууллагууд хүнд суртал гаргаж байна гэжээ.
Өчигдөр болсон уулзалтын
үеэр дотоодын ААН-үүдийн төлөөлөл уул уурхайн салбарт лиценз
хураах нэрийдлээр хууль ёсоор хариуцлагатай ажиллаж байгаа компаниудыг хохироож
байгаа талаар бодитой санал шүүмж өрнүүлсэн юм. Асуулт бүрт нь Ерөнхий сайдаас
болон салбарын сайд, агентлагийн дарга нараас хариулт өгсөн юм.
МҮХАҮТ-ын
ерөнхийлөгч О.Амартүвшин Танхимаас гаргадаг “Бизнесийн итгэлийн судалгаа”-гаар бизнес эрхлэгчдийн бизнес эрхлэх,
хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хүлээлт өндөр дүнтэй гарсныг танилцуулж байв.
Бизнес итгэлийн ерөнхий индекс 2018 онд 0.47 гарсан нь 2012 оноос хойших 6 жилд
гарч байгаа анхны эерэг үзүүлэлт болж байна.
Мөн судалгаагаар 2018 онд бизнесийн орчны тулгамдсан
асуудлаар “Зээлийн хүү өндөр, хугацаа богино”, “Бодлогын тогтворгүй байдал”
гэсэн хоёр асуудлыг бизнес эрхлэгчид нэрлэснийг дурдаад бизнесийн орчинг
сайжруулж, тулгарч буй зүйлийг шийдэхэд төр, хувийн хэвшлийн харилцан
ойлголцол, зөвлөлдөх механизм чухал болохыг онцлов.
Б.Болд