“Богийн сааль” хөтөлбөрийг сурагчдын зуны амралтаар хэрэгжүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-08-27 21:30:52

Архангай /МОНЦАМЭ/. Тариат сумын малчдын зөвлөгөөн дээр Хорго багийн малчин Д.Батдорж уламжлалт мал аж ахуй болон малчдын өв соёл, үнэт зүйлийг залуу хойч үед өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх талаар санал гаргажээ. Энэ саналыг дэмжиж, Тариат сумын ЗДТГ, ЕБС, Малчин телевизтэй хамтран “Богийн сааль” хөтөлбөрийг сурагчдын зуны амралтаар хэрэгжүүлсэн байна. Тус хөтөлбөрт Тариат сумын сургуулийн 7А ангийн 10 сурагчийг хамруулжээ. 

Хүүхдүүд малчны хотонд чулуугаар гортиг татаж /чулуун хашаа/, орчных нь малын баасыг цэвэрлэж, хотны ноос түүсэн, хонь хурганы хашааны шавхай цэвэрлэдэг, хурга хариулсан, хонь холбох, хонь ямаа саах, ааруул тавих, ээзгий ширгээх, тараг бүрэх гээд л хийсэн ажлаа ширхэгчлэн ярьж байв. Мөн хийж үзээгүй ажлаа сурахын өмнө хөгтэй байснаа ч нуусангүй. Хүүхдүүд заасан зүйлийг цөөн хоногт амархан сурчээ. 

 

Холбоотой мэдээ