Францад Их долоогийн дээд хэмжээний уулзалт эхэллээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-08-24 12:35:34

БИАРРИЦ /Франц/. /TASS/. Эдийн засгийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч долоон гүрний /G7/ удирдагчдын уулзалт Францын Биарриц хотод эхэлж байна. АНУ, Канад, Итали, Япон, Герман болон Их Британийн удирдагчид бямба гарагийн орой Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макронтой уулзана.


Энэхүү клубийг Франц улсын санаачилгаар 1975 онд байгуулсан бөгөөд энэ жил зохион байгуулагч орны үүрэг гүйцэтгэж байгаа тус улс байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын дулаарлаас урьдчилан сэргийлэх, дэлхийн тэгш бус байдалтай тэмцэх зэрэг асуудлыг дээд хэмжээний уулзалтын үндсэн чиглэл болгон тодорхойлжээ. Өмнөх жилүүдийн нэгэн адил шийдвэрүүдийг өндөр түвшинд гаргахын өмнө гол саналууд болон баримт бичгүүдийн төслийг холбогдох сайд нарын олон тооны уулзалтуудаар хэлэлцэн тохиролцоно. Тухайлбал, ялангуяа Африкийн орнуудад эмэгтэйчүүдийн эрхийг илүү сайн хамгаалахын тулд  эрх зүйн орчныг өөрчлөх, Сахелийн бүсийн орнуудын аюулгүй байдал болон эдийн засагт үзүүлж буй дэмжлэгийг нэмэгдүүлэх, мөн дэлхийн биологийн олон янз байдлыг хамгаалах асуудлыг хэлэлцэнэ. Үүнээс гадна, терроризм, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, кибер аюулаас хамгаалах зэрэг дэлхийн аюулгүй байдлын асуудалд гол анхаалаа хандуулна. G7-гийн удирдагчид мөн тоон технологи, түүний дотор хиймэл оюун ухааны хөгжилд тулгарч буй шинэ сорилтуудын талаар хэлэлцэнэ.


Өнөөгийн нөхцөлд зөвхөн долоогийн бүлгийн хүчин чармайлтаар дэлхийд нөлөөлөх шийдвэр гаргах боломжгүй гэдгийг Э.Макрон G7-гийн удирдагчдыг Францад ирэхээс өмнө хүлээн зөвшөөрөөд, Австрали, Буркина Фасо, Египет, Энэтхэг улсыг тодорхойлсон сэдвээр хийх зөвлөлдөх уулзалтад урьжээ. Түүнчлэн НҮБ, Африкийн холбоо, Дэлхийн банк зэрэг олон улсын 10 байгууллагын удирдагчдыг урьсан байна. Францын эрх баригчид дээд хэмжээний уулзалтад бэлтгэх ажилд иргэний нийгмийн төлөөллийг идэвхтэй оролцуулсан бөгөөд тус улсын Ерөнхийлөгч бараг бүх баасан гарагийг дээд хэмжээний уулзалтын өмнөх зөвлөлдөх уулзалтуудад зориулсан байна.


Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг тодорхой үр дүнд хүргэхээр зорьж байгаагаа Францын Ерөнхийлөгч дээд хэмжээний уулзалт эхлэхээс хэд хоногийн өмнө сэтгүүлчдэд мэдэгджээ. Түүний хэлснээр, G7-гийн бусад орны байр сууриас хамааран уулзалтын дүнд өөр өөр сэдвээр хэд хэдэн хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурж магадгүй байна.


Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагчдын хамгийн их анхаарч байгаа асуудал бол Биарриц хот болон тус хотын ойр орчмын аюулгүй байдал, дэг журмыг хангах юм. Дээд хэмжээний уулзалтын үеэр 13200 цагдаа болон жандарм аюулгүй байдлыг ханган ажиллана. Францын Дотоод хэргийн сайд Кристоф Кастанерын мэдээлснээр, тэдэнд цэргийнхэн дэмжлэг үзүүлэх аж.


Холбоотой мэдээ