Д.Трамп Хятадын бараа бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүллээ

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2019-08-24 10:45:54

ВАШИНГТОН. /RIA Novosti/.  АНУ есдүгээр сараас Хятадын 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний татварыг 10 хувиар бус урьд нь төлөвлөсний дагуу 15 хувиар нэмэгдүүлэх бол 250 тэрбум ам.доллароор үнэлэгдэх үлдсэн бараа бүтээгдэхүүний татвар 10 дугаар сарын 1-нээс эхлэн 25 хувь биш харин 30 хувь байх болно гэж Дональд Трамд мэдэгджээ.


БНХАУ-ын эрх баригчид Америкийн 75 тэрбум ам.долларын өртөг бүхий автомашин болон сэлбэг хэрэгслийн импортын татварыг нэмэх шийдвэр гаргасны хариуд дээрх шийдвэрийг гаргасан байна. Түүнчлэн Америкийн 5078 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний нэмэлт татвар есдүгээр сарын 1-нээс болон 12 дугаар сарын 15-наас хүчин төгөлдөр болно. Энэ нь Хятадын 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний татварыг есдүгээр сарын 1-нээс болон 12 дугаар сарын 15-наас 10 хувиар нэмэгдүүлэх АНУ-ын эрх баригчдын шийдвэрийн хариуд хийсэн алхам юм.


“Хятад улс АНУ-ын 75 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд шинээр татвар ногдуулах ёсгүй байсан. Энэ бол улс төрийн зорилготой! Хятад болон өөр олон улс олон жилийн турш АНУ-ыг худалдааны сонирхолдоо ашиглаж, Америкийн оюуны өмчийг хулгайлсаар ирсэн, өөр олон зүйлийг ч хийсэн. Манай улс жил бүр хэдэн зуун тэрбум ам.долларыг Хятад улсын тусын тулд алдаж байгаа бөгөөд үүний эцэс төсгөл харагдахгүй байна” гэж Д.Трамп твиттер хуудсандаа бичжээ.


Худалдааны маргаан

Америк, Хятадын худалдааны маргаан 2018 оны зунаас хойш үргэлжилж байгаа юм. Вашингтон тухайн үед Хятадын 34 тэрбум ам.долларын өртөг бүхий 818 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд жилд 25 хувийн татвар ногдуулсан юм. Бээжин мөн адил хариу арга хэмжээ авсан.


Өнгөрөгч тавдугаар сарын сүүлээр худалдааны маргааны асуудлаар хоёр улсын хооронд хийж буй хэлэлцээний 11 дүгээр үе шат дууссаны дараа талууд харилцан татвараа нэмсэн. АНУ Хятадын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулсан бол Хятад улс Америкийн 60 тэрбум ам.долларын 5000 гаруй бараанд татвар ногдуулжээ.


Хамгийн сүүлд буюу долдугаар сарын сүүлээр болсон хоёр талын хэлэлцээний 12 дугаар үе шат тодорхой үр дүнд хүрч чадалгүй дууссан билээ.


Наймдугаар сарын 12-нд “Goldman Sachs” банкны шинжээчид АНУ-ын эдийн засгийн өсөлтийн талаарх урьдчилсан таамгаа 20 суурь нэгжээр бууруулж, 1.8 хувь болгосон бөгөөд БНХАУ-тай хийж буй худалдааны дайн Америкт эдийн засгийн хямрал үүсгэж болзошгүйг анхааруулсан байна.


Холбоотой мэдээ