БНСУ-ын виз мэдүүлэгчид хариугаа 10 хоногт авах боломжтой болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-23 10:33:52
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад айлчлал хийж буй БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гю-геүн өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.


Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гадаадад оршин сууж буй хамгийн олон буюу 46 мянга орчим монгол хүн БНСУ-д  ажиллаж, амьдарч байгааг дурдаад, монгол иргэд БНСУ-д зорчиход тулгардаг зарим саад бэрхшээлийг арилгах, хөнгөвчлөх талд анхаарч ажиллахыг хүсэв. Мөн тэрбээр ноён Ча Гю-геүний Монгол Улс дахь айлчлал амжилттай болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.


Ноён  Ча Гю-геүний айлчлалын үр дүнд, монгол иргэд тус улсад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх ажилд ахиц гарч байна. Хоёр улсын холбогдох байгууллага “БНСУ-д зорчих визийн материал шалгах хугацааг хурдасгах арга зам, хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний дагуу хамтран ажилласны үр дүнд монгол иргэд БНСУ-ын виз авахад тулгардаг бэрхшээлүүд үндсэндээ арилна гэж үзэж байгааг талууд илэрхийлэв. 


Монгол Улсын Засгийн газрын “ХУР” мэдээллийн системийг ашигласнаар хууль бусаар оршин суух магадлал багатай виз мэдүүлэгчид 10 хоногийн дотор хариугаа авах боломжтой болох юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад аж үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлснээр монгол иргэд БНСУ-д ажиллах гэж биш, аялах гэж очдог болох цаг ойрхон гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ. Мөн тэрбээр БНСУ-д зуны улирал хэт халуун учраас солонгос жуулчид Монгол Улс руу аялж, Монголын нүд алдам тал, тэнгэрт түгсэн оддыг үзэх хэрэгтэй хэмээн урьсан юм.

Холбоотой мэдээ