Б.Хурц нарт холбогдох хэргийг прокурорт буцаав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-19 19:39:09
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр зургаа дахь өдрөө хэлэлцэж, эл хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэлээ. 


Нийслэлийн Прокурорын газраас хуучин эрүүгийн хуулийн 133.1, 251.1 дэх хэсэгт зааснаар, гүйцэтгэх ажиллагааны хууль, тогтоомж зөрчсөн, бусдыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр тэдгээр хүмүүсийг яллагдагчаар татсан билээ. Улмаар хэргийг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 16.1 дэх хэсэгт зааснаар, маш нууцын зэрэглэлтэйгээр тус шүүхэд шилжүүлсэн. Энэ дагуу шүүх хуралдаан зургаан өдөр хаалттай үргэлжиллээ. 


Шүүх бүрэлдэхүүнээс Мөрдөн шалгах ажиллагааны үед процедурын алдаа гарсан, нэмэлтээр мөрдөх  шаардлагатай баримт илэрсэн тул нөхөж шалгах шаардлагатай гэж үзсэн байна. Нийслэлийн Прокурорын газар шүүхийн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын тав хоногийн дотор эсэргүүцэл бичих эрхтэй аж. Ийнхүү хэрэгт холбогдуулан хураасан, дүрс бичлэг бүхий 24 ширхэг "CD"-г хавтаст хэргийн хамтаар Нийслэлийн Прокурорын газарт буцаахаар шийдвэрлэжээ.


С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ялласан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гүйцэтгэх ажиллагааны журам зөрчиж, эрүүдэн шүүсэн гэх хэргээр ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас гадна мөрдөгч О.Бархасбадь, О.Бямбажав, С.Баяр, Ж.Мөнхгал, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат, ШШГЕГ-ын хэлтсийн дарга Ү.Отгонбаяр, Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарыг яллагдагчаар татжээ.

Холбоотой мэдээ