“Монголын их тойром-2019" шагайн харваанд Дорноговь аймгийн баг түрүүлэв

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-08-19 13:52:26

Дорноговь /МОНЦАМЭ/. “Монголын их тойром”-2019 шагайн харваа наймдугаар сарын 17-ноос 18-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд боллоо.

Хоёр өдрийн турш үргэлжилсэн шагайн харваанд 13 аймаг, 9 дүүргийн 88 багийн 800 гаруй харваач оролцсоноос тэргүүн байрт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат, Монгол Улсын гарамгай мэргэн Б.Баттулга ахлагчтай "Даншиг транс" ХХК-ийн баг шалгарч “Альфард маркын авто машин, долоон сая төгрөгийн хаш цом, алтан медалийн эзэд боллоо.

Дэд байрт Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Монгол Улсын үлэмж дархан мэргэн спортын мастер С.Ямранз ахлагчтай Алдар спорт хороо “Ахуй хувьцаат компанийн баг шалгарч  мөнгөн медаль, таван сая төгрөг, монгол майхан, гутгаар байрт Монголын Шагайн харвааны холбооны Ерөнхийлөгч Төв аймгийн Баян цагаан сумын харьяат Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ц.Энхбат ахлагчтай Төв аймгийн Хийморь багийн харваачид  шалгарч  хүрэл медаль, гурван сая төгрөг, монгол майхнаар шагнуулав.

Тусгай байрт Өвөрхангай аймгийн харьяат Монгол Улсын мэргэн Т.Баярбат ахлагчтай баг, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат Монгол Улсын үлэмж дархан мэргэн Б.Түвшинбаяр ахлагчтай харваачид, Н.Алтанцог ахлагчтай Эрдэнэс таван толгой ХХК-ийн баг, Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн “Болд Төмөр Ерөө гол” ХХК-ийн баг, Н.Гангантөгс ахлагчтай Улаанбаатар чуулгын багын харваачид тус тус шалгарч нэгээс хоёр сая төгрөг, монгол майхнаар шагнуулав.

Ахмадын харваанд 16 багийн 100 гаруй харваач цэц мэргэнээ сорьсоноос Н.Цогбадрах ахлагчтай Дорноговь аймгийн Сайхандулаан сумын баг аваргын алтан медаль, дэд байрт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат Монгол Улсын үлэмж дархан мэргэн спортын мастер н.Пүрэвээ ахлагчтай баг, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Монгол Улсын харьшгүй мэргэн Н.Цэрэндорж ахлагчтай баг гутгаар байрт шалгарсан бол Н.Андрей ахлагчтай Улаанбаатар хотын баг тусгай байрт шалгарч таван зуугаас нэг сая төгрөгөөр шагнуулав.

Дорноговь аймгийн шагайн харвааны салбар холбооноос зохион байгуулсан “Шагайн харвааны холбогдолтой дууг хэн сайн дуулах вэ” уралдаанд тэргүүн байрыг Баянхонгор аймгийн гоц мэргэн Н.Дэмбэрэл, дэд байрт Дорноговь аймгийн залуу харваач аймгийн Цагдаагийн газрын дуучин Н.Мөнх-Отгоннамар, гутгаар байрт Булган аймгийн Орхон сумын харьяат Монгол Улсын мэргэн Н.Баясгалан, тусгай байрт Налайх дүүргийн харваач Монгол Улсын харьшгүй мэргэн Х.Ганжуур нар тус тус шалгарчээ.

Монголын их тойром-2019 шагайн баяр наадмын шилдэг майхантай багаар Монгол Улсын хошой мэргэн Г.Гантулга ахлагчтай Налайх дүүргийн баг, шилдэг мод хэрэглэлтэй багаар Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын харьяат Монгол Улсын мэргэн Т.Баярбат ахлагчтай баг, тойрмын шилдэг уухайчаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Монгол Улсын хошой мэргэн Б.Наранцогт шалгарсан.

Гурав дахь удаагаа болсон “Монголын их тойром” харвааг Дорноговь аймгийн ЗДТГ, Дорноговь аймгийн Шагайн салбар холбоо, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл хамтран зохион байгуулсан бөгөөд дараагийн их тойром зохион байгуулах шилжин явах тугийг Баянхонгор аймгийн харваачдад хүлээлгэн өгөв.
Холбоотой мэдээ