Зоонозын өвчин судлалын төвийг Д.Товуусүрэнгийн нэрэмжит болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-08-19 12:32:31

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төвийг Монгол Улсын хүний гавьяат эмч Д.Товуусүрэнгийн нэрэмжит болгох шийдвэр гарсны дагуу ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.

Нэрэмжилт болгох үйл ажиллагаанд аймгийн удирдлагууд болон Монголын анагаах ухааны академийн жинхэнэ гишүүн, Монгол Улсын гавьяат багш, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Д.Дүнгэрдорж, анагаах ухааны доктор, профессор Ж.Батаа, биологийн ухааны магистр, ЗӨСҮТ-ийн тэргүүний профессор Ч.Бямбаа,  хамтран ажиллаж байсан үе үеийн ажилтнууд, ЗӨСТ-ийн хамт олон, Монгол Улсын хүний гавьяат эмч Д.Товуусүрэнгийн төрөл төрөгсөлд нь оролцсон байна.

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв /ЗӨСТ/ нь байгалийн голомтот болон зоонозын халдварт өвчний эрсдэлт хүчин зүйлийг тандан судлах, хянах, урьдчилан  сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах, лабораторийн тусламж үйлчилгээ үзүүлэх, зоонозын хүний өвчлөлийн, тохиолдол дэгдэлтийн үеийн эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажилладаг.

Анх 1944 онд Баянхонгор аймгийн Заг суманд БНМАУ-ын Бага хурлын 1943 оны 10 дугаар сарын 29-ний 25 дугаар тогтоолоор “Тарваган тахал эсэргүүцэх пункт” нэртэйгээр одоогийн байгууллагын суурь тавигдаж байжээ.

Үүнээс хойш 1968 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор “Гоц аюулт өвчнийг эсэргүүцэн судлах аймаг дундын станц”, 1991 онд “Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газар”, 2007 оноос “Байгалийн голомтот халдварт өвчин судлалын төв”, 2012 оноос “Зоонозын өвчин судлалын төв” нэрийн дор үйл ажиллагаа явуулж байна.

Тус төв нь 1944-1960 онд Заг суманд, 1961-1972 онд Жаргалант суманд байршиж байгаад 1973 оноос аймгийн төвд шилжин, одоогоор 30 гаруй орон тоотойгоор ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ