Конгод “Эбола” вирусний улмаас олон хүүхэд өнчирчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2019-08-16 11:03:11

КЕНШАСА. /АР/. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад тархсан “Эбола” вирусний халдварын улмаас 4000 орчим хүүхэд өнчирч, харгалзах хүнгүй болсон талаар НҮБ-ын Хүүхдийн сангаас пүрэв гарагт мэдээлжээ.


Хүүхдийн сангийн мэдэгдэлд дурдсанаар, нэг жил гаруйн өмнө дэгдэж эхэлсэн “Эбола” вирусний халдварын тархалтын улмаас 1300 гаруй хүүхэд эцэг эхийнхээ аль нэгийг эсвэл хоёуланг алдсан ажээ. Мөн эцэг эх, асран хамгаалагчийг нь эмнэлгийн үзлэг, шинжилгээнд хамруулсан эсвэл албадан тусгаарласны улмаас 2400 гаруй хүүхэд харгалзах хүнгүй ганцаар хоцорсон байна.


Үүнээс гадна тэдгээр хүүхдийг халдвар авсан байж магадгүй гэх сэрдлэгтэй холбоотойгоор хүүхдүүдийн олонх нь ялгарлан гадуурхагдаж байгаагийн зэрэгцээ тэдэнд хоол хүнсний тусламж үзүүлэх шаардлагатай байгаа ажээ.


Хүүхдийн сан Конго улсад үйл ажиллагаа явуулж буй “Эбола” вирусний эмчилгээний төвүүдийн хажууд хүүхэд асрах гурван газар байгуулж, эцэг эх, асран хамгаалагч нь бүрэн эдгэрэх хүртэл хүүхдийг нь асарч байна. Түүнчлэн тэдгээр хүүхдэд туслалцаа дэмжлэг үзүүлэх мэргэжилтнүүд дутагдалтай байгааг Хүүхдийн сангийн мэдэгдэлд онцолжээ.


Өнгөрсөн оны наймдугаар сард Конго улсын зүүн нутгийн Умард Киву, Итури мужид “Эбола” вирусний халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл уг халдварын улмаас 1800 гаруй хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ