Залуусын гарааны бизнест 10 сая төгрөгийн хүүгүй зээл олгохоор болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-13 12:29:10

Ховд /МОНЦАМЭ/. Залуучуудад гарааны бизнесийн сэдэл, урам зориг өгөх, шинэ мэдлэг, мэдээлэл хүргэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сургалт зохион байгуулах, шилдэг бизнес санааг шалгаруулах, залуучуудаар удирдуулсан шинэлэг гарааны бизнесийг дэмжих, ажлын байр бий болгох зорилтын хүрээнд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр"-ийг Ховд аймагт хэрэгжүүлж буй.

Хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гаас таван шинэ, шилдэг гарааны бизнес төсөл шалгаруулж, гурван жилийн хугацаатай,  тус бүр 10 сая төгрөгийн хүүгүй зээл олгохоор болжээ.

Үүнтэй холбогдуулан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих" сургалт зохион байгуулж, Ховд аймгаас 37 багийн 200 орчим залуу үеийнхэн оролцов.

Тэд өөрсдийн шинэхэн бизнес санааны төсөл,  түүнийг хөгжүүлэх, өргөжүүлэх боломжийн талаар нээлттэй танилцуулахад шинэлэг байдал, өвөрмөц санаа, бизнесээ хөгжүүлэх боломж, эрсдэл, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг харгалзан  шалгаруулжээ. 

Энэ удаа гэрэл зургийн "Фото студ”-ийн үйлчилгээ, "Модон эдлэл” үйлдвэрлэл, "Жимс, хүнсний ногоо боловсруулах цех”-ийн үйлдвэрлэл, "Ховд хутга” үйлдвэрлэл, "Махны үйлдвэрлэл"-ийн таван шинэ гарааны бизнес төслийг шалгаруулж, батламж гардуулав. 

Ховд  аймгийн нийт хүм амын 50 гаруй хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг. Тэгвэл аймгийн Хөдөлмөр,  халамжийн үйлчилгээний газарт  идэвхтэй ажил хайгчаар бүртгүүлсэн иргэдийн 60 орчим хувь нь залуучууд байна.



Холбоотой мэдээ