Цэцэрлэгийн хүрээлцээг нэмэхэд ААН-үүдийн дэмжлэг хэрэгтэй байна

Монголын мэдээ | Боловсрол
nandintsetseg@montsame.gov.mn
2019-08-12 17:43:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд шинэ хичээлийн жилд 20 гаруй мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байх урьдчилсан тооцоо гарчээ. Засгийн газар 2019 онд 13455 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий 93 цэцэрлэг ашиглалтад оруулахаар болж, цэцэрлэг барих хөрөнгө оруулалтыг жилээс жилд нэмж байгаа ч хүрэлцээ хангалтгүй хэвээр байна.


Энэ асуудлыг шийдвэрлэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Байгууллагын цэцэрлэгийг хөгжүүлэхэд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэл” уулзалт өнөөдөр боллоо.

 

БСШУСЯ, МҮХАҮТ хамтран зохион байгуулсан уг уулзалтад УБЦТС ТӨХК, “Сүү” ХК, Төрийн банк, “Гоёл кашмер” ХХК, Эко үйлдвэрлэл инноваци сан, “ILC mongolia” ХХК, “Тус солюшн” ХХК, “Денимон” ХХК, “Говь” ХК, “Тулга төхөөрөмж” ХХК, Хөгжлийн тойрог, Гаалийн зөвлөх зуучлагчдын холбоо, Нийгмийн Хариуцлагын Сан, “Тулга техник” ХХК, “Ландбридж” ХХК, “БСБ сервис” ХХК зэрэг 20 гаруй томоохон аж ахуйн нэгж оролцлоо.

 

Улсын цэцэрлэгийн хүртээмж сайжиртал хувийн хэвшлийн дэмжлэг хэрэгтэй байгааг, нөгөөтэйгүүр ААН-үүд дэргэдээ цэцэрлэгтэй байх нь ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрийн бүтээмж, ажлын цаг ашиглалтыг сайжруулахад чухал ач холбогдолтойг уулзалтын үеэр онцоллоо.

 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин: “Жил бүрийн намар сургуулийн өмнөх насны хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах асуудал яригддаг. Төр, хувийн хэвшил хамтран цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах асуудал Засгийн газрын түвшинд яригдаж БСШУСЯ, МҮХАҮТ хамтран зохион байгуулах боломжтой хэмээн үзсэн. ААН-үүд дэргэдээ цэцэрлэг нээвэл цэцэрлэгийн багшаар хангах, хувьсах зардлыг төр шийдэх юм хэмээв.

Өнгөрсөн хичээлийн жилд төрийн өмчийн 889, хувийн өмчийн 546 нийт 1435 цэцэрлэгт 261,354 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшсэн бол 46305 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй байна. 

Холбоотой мэдээ