М.Сингх Монгол, Мьянмар, Лаост айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-08-12 12:32:15

ВАШИНГТОН. /US Department of State/. АНУ-ын Төрийн департаментын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан товчооны тэргүүн Маниша Сингх наймдугаар сарын 11-24-нд Монгол, Мьянмар, Лаос улсад айлчилна.


Энэхүү айлчлал нь Энэтхэг-Номхон далайн орнуудтай эдийн засгийн харилцаагаа сайжруулах чиглэлд гаргаж буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны хүчин чармайлтын нэгэн хэсэг ажээ.


М.Сингх Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод наймдугаар сарын 12-16-нд айлчилж, эдийн засгийн боломжуудыг дэмжих, хоёр талын худалдааг нэмэгдүүлэх асуудлаар Монголын Засгийн газар болон бизнесийн төлөөлөгчидтэй уулзана.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар өнгөрсөн долдугаар сарын 31-нд Цагаан ордонд уулзаж, хоёр орны стратегийн түншлэлийн талаар хэлэлцсэнээс хэдхэн хоногийн дараа энэхүү айлчлал болох юм. М.Сингх Монголд айлчлах хугацаандаа эмэгтэйчүүдийн бизнесийн оролцоог дэмжих зорилготой Азийн сангийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв инкубатор болон “Wagner Asia Equipment” компаниар зочилно. Мөн тэрбээр Rio Tinto” компани болон Монголын Засгийн газрын хамтарсан төсөл болох “Оюу толгой” уурхайд очно.


М.Сингх наймдугаар сарын 16-21-нд Мьянмарын Рангун хотод айлчлан тус улсын Засгийн газрын төлөөлөгчид, бизнесийн манлайлагчид, технологийн салбарынхантай уулзаж, хөрөнгө оруулалтын орчныг үргэлжлүүлэн сайжруулах талаар хэлэлцэнэ. Мөн тэрбээр Японы Элчин сайдын яам болон Япон, АНУ, Мьянмарын Худалдааны танхимуудын зохион байгуулах АНУ-Японы Хөрөнгө оруулалтын форумд үг хэлнэ.


Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан товчооны тэргүүн наймдугаар сарын 21-24-нд Лаосын Вьентьян хотод айлчилж, тус улсын бизнесийн орчныг хэрхэн сайжруулах талаар Засгийн газар, бизнесийн салбарын төлөөлөгчидтэй хэлэлцэнэ. М.Сингх мөн залуу бизнес эрхлэгчдэд зориулсан “STEM Lab” төвийн нээлтэд оролцож, Америкийн компаниуд Лаосын хурдацтай өсөж буй эдийн засагт хэрхэн амжилтад хүрч буйтай танилцахаар “Ford Motor” компанийн Лаос дахь төлөөлөгчидтэй уулзана. 

Холбоотой мэдээ