"Залуучуудын фестиваль-2019"-д 500 гаруй төлөөлөгч оролцов

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-12 09:12:06

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын санаачилгаар “Төрөлх нутгийнхаа хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор  “Залуучуудын фестиваль-2019” зохион байгууллаа.

Ховд аймгийн нийт хүм амын 50 гаруй хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг. Тиймээс орон нутгийн  хөгжлийн түүчээ болсон залуу үеийнхний идэвх, оролцоог сайжруулах,  урлаг,  спортоор дамжуулан  тэднийг соён гэгээрүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд “Залуучуудын фестиваль”-ийг анх удаа зохион байгуулж буй.

Дээрх арга хэмжээнд 17 сумын 15-34 насны малчин болон бизнес эрхлэгч залуучуудын төлөөлөл 500 гаруй хүн оролцож байна.

Фестивалийн нээлт аймгийн төв талбайд болж, аймгийн  ХДТ-ийн  уран бүтээлчид  язгуур урлагийн сонирхолтой тоглолтыг иргэд олон нийтийн хүртээл болгов.

Мөн үндэсний үйлдвэрлэгч Дархан нэхий, Жинст мөрөн зэрэг таван  компани ноос ноолуур, нэхий урлалын бүтээгдэхүүнээ танилцуулж, хувцас загварын үзүүлбэр сонирхууллаа.

Энэхүү фестивалийн ерөнхий зохион байгуулагчаар Швейцарын хөгжлийн агентлаг, аймгийн ЗДТГ, ХХҮГ ажиллаж байна. Мөн УИХ-ын гишүүн, ТББ-ын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн О.Батнасан, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа, МУ-ын гавьяат малчин Х.Эрдэнэ, гавьяат барилгачин А.Пүрэвдорж, гавьяат тариаланч И.Төлөөгөн нар "Залуучуудын фестиваль-2019”-г  дэмжиж ажилласан байна.  

Залуучуудын фестивалийн үйл ажиллагаа спортын 3-4 төрөлт тэмцээнээр  үргэлжилж байна.  

Холбоотой мэдээ