Улс төрийн намуудын санал бүрийг нэгтгэн томъёолохыг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-08-07 17:33:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын багууд өнөөдөр хамтран хуралдав.


Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах, Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн,Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн болон Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн, Томъёоллын гэсэн зургаан дэд ажлын баг ажиллаж буй юм.


Хуралдааны эхэнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар хамтран өнгөрсөн сарын 22-26-нд зохион байгуулсан цуврал хэлэлцүүлгийн талаар танилцууллаа.  


Тэрбээр, цуврал хэлэлцүүлэгт оролцогчдын болон санал хэлж, асуулт асуусан хүмүүсийн тоо зэрэг статистик баримтын зэрэгцээ хэлэлцүүлгээс гаргасан саналуудыг онцлон танилцуулав. Мөн хэлэлцүүлгээс гаргасан саналуудыг нэгбүрчлэн авч үзэх ёстой гэсэн шаардлагыг улс төрийн намуудын зүгээс тавьж байгааг тэмдэглэхийн зэрэгцээ хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, саналаа илэрхийлж байгаа улс төрийн намуудын удирдлага, төлөөлөл, иргэд, судлаачид, эрдэмтдэд талархал илэрхийлээд, санал бүрийг нэгтгэн томъёолохыг үүрэг болгов.


Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багийн ахлагч Ө.Энхтүвшингийн нэр дээр УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс ирүүлсэн саналыг уншиж сонсгов.


Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангийн хийсэн дээрх танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулж, Ардын Их Хурлын депутат, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Ж.Сүхбаатар нар санал, байр сууриа илэрхийлсэн юм.

Холбоотой мэдээ