Сумын төр, захиргааны байгууллага улс төрөөс хараат бус ажиллах ёстой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-08-07 17:21:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар Баянхонгор аймгийн Шинэжинст сумын иргэдэд Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулж, санал бодлыг нь сонслоо.


Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий ажлын багийг байгуулсан. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар 2019 оны 07 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Төрийн ордонд таван өдрийн хэлэлцүүлэг зохион байгуулж, улс төрийн нам, эрдэмтэн судлаачид, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн саналыг сонссон билээ.


Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг олон нийтэд танилцуулж, саналыг нь сонсох үйл явц үргэлжилж байгаа бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн зарим сум буюу УИХ-ын сонгуулийн 7 дугаар тойргийн иргэд, сонгогчидтойгоо уулзаж байгаа юм.



УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулгадаа, “1992 оны Үндсэн хууль шилжилтийн үүргээ сайн гүйцэтгэсэн. Нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлийг дагаад нэмэлт, өөрчлөлт хийх цаг нь болсон байна. Олон үе шаттай хэлэлцүүлэг хийж, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, иргэдээс саналыг нь авч байгаа. Улс төрийн 18 намын удирдлагуудтай уулзсан. Бүгд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Ардчилал гэдэг бол “ардын засаг” учраас ард түмнийхээ засаглах эрхийг хангахын тулд энэ өөрчлөлтийг хийж байна. Хүн бүр сахилга, хариуцлагыг ухамсарлах ёстой цаг иржээ. Хэн нэгнээс бэлэн зүйл хүлээх биш, бид өөрсдөө юу хийж чадах билээ гэдгээ бодож, өөрчлөлт шинэчлэлийн төлөө хүчээ нэгтгэж, зүтгэх хэрэгтэй. Улсын хөгжлийг сум түүчээлнэ. Сум орон нутгийн удирдлагууд сэтгэлтэй, зүтгэлтэй ажиллахын зэрэгцээ иргэд өөрсдийн ахуй амьдралыг сайжруулахын тулд оролцоогоо хангаж, санал санаачилга бүрээ илэрхийлж байх нь чухал. Тиймээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээрээ дэмжинэ гэдэгт итгэж байна” хэмээн онцлов.


Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд сумын Засаг даргыг ард иргэд сонгодог байхаар оруулсан нь олон улсын чиг хандлагатай нийцэж буйг УИХын дарга Г.Занданшатар тайлбарлав. Иргэдээсээ сонгогдсон сумын Засаг дарга аймаг, Засгийн газраа сонсохгүй, төрийн бодлогыг хэрэгжүүлэхгүй, дураар авирлах эрсдэл үүсэх вий гэдэг болгоомжлол бий. Ийм тохиолдолд буюу хууль зөрчвөл “Засаг даргыг хуульд заасан үндэслэл, журмаар” огцруулах зохицуулалт төсөлд мөн бий гэдгийг тэрбээр тайлбарлав.


Шинэжинст сумын иргэд төслийн зүйл, заалт, түүний ач холбогдол, үр нөлөө болон анхаарах асуудлын талаар өөрсдийн санал бодлоо хэлж, тайлбар мэдээлэл авав. Мөн сумын төр, захиргааны байгууллагыг иргэдийн хяналтад, олныхоо тусын тулд, улс төрөөс хараат бус ажиллах боломж бүрдүүлэх ёстой гэдгийг анхааруулж байлаа. Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс гадна малчдын тэтгэврийн тогтолцоог сайжруулж, хүнд нөхцөлд тооцуулах, сумандаа шинэ спорт цогцолбортой болох, бэлчээрийн даац, түүний ашиглалт хамгаалалтыг тодорхой хуулиудаар зохицуулах боломжийн талаар асууж тодруулан, хариулт авав.


УИХ-ын дарга Г.Занданшатар очсон сум болгондоо үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсож байгаа билээ. Тэрбээр энэ удаа хонины нэхий элдэж боловсруулах цех ажиллуулж байгаа Шинэжинст сумын иргэн Ш.Ганбатынхаар зочиллоо.


Ш.Ганбат, “2015 оноос эхлэн хонины нэхий боловсруулж эхэлсэн. Одоогоор ээж, эхнэртэйгээ хамт ажилладаг. Сард дунджаар 80 орчим нэхий боловсруулж байна. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал өдөрт 15 нэхий элдэж боловсруулах боломжтой. Түүхий эдээ малчдаас авдаг. Гэхдээ цэвэрхэн хуулж, анхны боловсруулалтаа сайн хийсэн арьс авахыг боддог. Тиймэрхүү арьсыг 2000 орчим төгрөгөөр худалдаж авдаг. Элдсэн нэхийгээ ихэвчлэн малчдад дээл хувцас хийхэд нь зориулж  арилждаг. Нэг дээлэнд 8-15 нэхий ордог. Хаягдал гаргахгүйн тулд жижиг хэсгүүдийг дэгтий, нударганы бэлдэц болгож өгдөг. Нэхий боловсруулах технологийг Улаанбаатар хотод сургалтад сууж сурсан. Одоогоор гэртээ нэхийгээ элдэж боловсруулдаг, хүйтний улирал эхлэхээс өмнө ажлын байраа барьж дуусгана гэж бодож байгаа. Хонины нэхийг сайхан боловсруулчихвал зөвхөн манайд ч гэлтгүй Өвөрмонголд зах зээл байна. Төр засаг болон орон нутгийн удирдлагуудаас бүтээгдэхүүнүүдийг зах зээлд гаргах, борлуулах чиглэлээр дэмжээд өгвөл орон нутагт сайхан амьдарч болж байна. Хонины нэхийг элдэхэд гардаг хялгасаар дулаалгын материал хийж болмоор санагдаад байгаа юм. Залуучууд өөрсдөө санаачлаад, хөдөлмөрлөвөл хийх ажил их байна” гэлээ.


Тэрбээр мөн хонины хорголоор галладаг зуухыг өөрөө зохион бүтээж, 2018 оны намраас хэрэглээндээ ашиглаж байгаа аж. Энэ зуухандаа модлог ургамал түлдэггүй бөгөөд хонины хоргол, аргал, хомоол зэргийг багахан хэмжээний нүүрстэй хольж түлдэг байна. “Энэ зуухыг ашиглах нь говийн экосистемд чухал нөлөө үзүүлнэ гэж боддог. Модлог ургамал түлэхгүй учраас загаа хамгаалахад нэмэр болно. Илч сайтай, дулаанаа сайн хадгалдаг. Нэг портер нүүрс 10 дугаар сард авсан, одоо хүртэл түлж байна. Нэг зуух ойролцоогоор 90 орчим мянган төгрөгөөр бүтдэг гэж танилцууллаа.

Холбоотой мэдээ