Видео тоглоомд донтох нь хүчирхийлэл нэмэгдэхэд шууд нөлөөлөхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-07 11:28:08

НЬЮ-ЙОРК. /The New York Times/. Хүчирхийллийн агуулгатай компьютерын тоглоомуудад донтох нь нийгэмд хэт давруу үзэл дэлгэрэх, харгис хэрцгий үйлдлийн тоо нэмэгдэхэд багахан нөлөө үзүүлдэг хэмээн “The New York Times” сонин мэдээлжээ.


Хүчирхийллийг харуулсан видео тоглоомууд нь дийлэнх тохиолдолд түрэмгий авир гаргах эрсдэлийг нэмэгдүүлдэг хэдий ч тодорхой үйлдэлд өдөөж, сөрөг үр дагаварт хүргэх тохиолдол харьцангуй бага байдаг гэж Америкийн Сэтгэл судлалын шинжлэх ухааны холбооны судлаачдын үзэж байгаа аж.


“Түрэмгийлэл” гэх нэр томьёог гартаа шууд зэвсэг барих хүсэл, сонирхолтой адилтган авч үзэх нь ховор юм гэдгийг судлаачид цохон тэмдэглэжээ.


“Ийм учраас харгис хэрцгий агуулгатай хүчирхийлэл харуулсан видео тоглоомнууд нь хэрэглэгчийн бодит амьдрал дээр гал нээх шийдвэрт нөлөөлөх гол хүчин зүйл биш юм. АНУ-д олон хүн видео тоглоом тоглодог хэдий ч гэмт хэрэг үйлдэх тохиолдол цөөхөн байдаг. Видео тоглоомууд Азийн орнуудад илүү өргөн тархсан байдаг хэдий ч хүмүүсийг олноор нь хөнөөх тохиолдол илүү бага гардаг” хэмээн “The New York Times” сонин тэмдэглэсэн байна.


"Нийгэмд хүчирхийллийг хөхиүлэн дэмжсэн бодит нөхцөл байдал үүсээд буй явдалд АНУ цэг тавих хэрэгтэй. Цуст аллага харуулсан видео тоглоомууд үүнд хамааралтай. Өсвөр насныхан хүчирхийллийг өөхшүүлсэн соёлоор хүмүүжих ёсгүй. Бид энэ бүхэнд цэг тавьж, цар хүрээг нь эрс бууруулах ёстой” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн даваа гарагт мэдэгдсэн юм.


Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын Техас муж улсын Эль-Пасо хотод болон Охайо муж улсын Дейтон хотод зэвсэгт этгээд гал нээсний улмаас олон хүн амиа алдсан хэрэг гарсан билээ. 

Холбоотой мэдээ