Оффшор дансны талаарх мэдээллийг шалгахад олон улсаас тусламж хүснэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2016-04-05 16:29:08

МЕХИКО. /TASS/. Дэлхийн хэвлэлүүдэд гарсан Панамын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг оффшор компаниудын тухай мэдээлэлтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажил явуулахад тус улсын эрх баригчид бусад орнуудаас тусламж хүснэ. Энэ тухай Панам улсын Ерөнхий прокурорын газраас даваа гарагийн орой нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.

“Бусад орны шүүх эрх мэдэл бүхий байгууллагуудаас мэдээлэл авахын тулд харилцан эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, хэлэлцээрүүдэд тусгасан заалтуудыг биелүүлнэ гэдгээ Панамын Ерөнхийи Прокурорын газар нотолж байна” гэж уг мэдэгдэлд онцолжээ.

Дэлхийн улс орнуудын одоогийн болон өмнөх удирдагчдийн оффшор данснуудын тухай мэдээлэл бүхий 11.5 сая баримтуудаас иш татан АНУ-ын Вашингтон хотод байрладаг Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн олон улсын консорциум /ICIJ/ ням гарагт мэдээлэл хийжээ.  “Панамын баримт бичиг” гэж нэрлэсэн тус байгууллагын тайлан мэдээнд Панамын “Mossack Fonseca” компаниас алдагдсан мэдээллүүд багтсан байна. Тус компани нь татваргүй бүсэд бүртгүүлэхэд нь аж ахуйн нэгжүүдэд хууль эрх зүйн туслалцаа үзүүлдэг аж. “Mossack Fonseca” компанийн архивын мэдээллүүд бүрэн нийтлэгдээгүй бөгөөд “бид мэдээллийн баазыг бүрэн дэлгээгүй, цаашид ч дэлгэх бодолгүй байна” гэж “ICIJ”-ийн удирдагч Жерард Райл ярьсан байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ