"Эрүүл-Алтай 2019" хөтөлбөрийн нээлт болов

Фото
185@montsame.mn
2019-08-06 16:30:01

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Нутгийн зөвлөлөөс санаачилж аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газартай хамтран хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй "Эрүүл-Алтай 2019" хөтөлбөрийн нээлт Есөнбулаг сумын “Энх-Алтай” өрхийн Эрүүл мэндийн төвд  наймдугаар сарын 05-нд боллоо.

Нээлтийн үеэр Есөнбулаг сумын Наран багийн ард иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношлогоо, эрүүл мэндийн мэдлэг олгох сургалт сурталчилгаа хийснээс гадна яаралтай хариу гардаг тест шинжилгээ хийв.

Эрүүл мэндийн чиглэлээр хийх 2019 оны үйл ажиллагаа Есөнбулаг сумын хөдөөгийн баг Наран багаас эхэлж байгаа бөгөөд цаашид Гуулин тосгон, Дэлгэр, Чандмана, Эрдэнэ сум, Баянтоорой тосгон, Алтай, Цээл, Цогт, Бигэр суманд үргэлжилнэ.

Мөн наймдугаар сарын 26-наас Есөнбулаг сумын Рашаант багаас хойд чиглэлийн Халиун, Шарга, Төгрөг, Бугат, Тонхил, Дарив, Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Тайшир сумын иргэдэд хүрч үзлэг оношлогоо, сургалт сурталчилгаа хийх аж.

“Эрүүл-Алтай-2019" хөтөлбөрийн хүрээнд иргэдэд эмчийн үнэ төлбөргүй үзлэг оношлогоо, эрүүл амьдрах дадал хэвшил олгох сургалт сурталчилгаа, яаралтай хариу гардаг тест, шинжилгээнүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог хангахад чиглэсэн үйл ажиллагаа, эрүүл мэндийн үйлчилгээ зэргийг чанартай хүртээмжтэй хүргэхийг зорьж буй.