ЖАЙКА-аас дизель түлшний тортог шүүх төхөөрөмж хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-08-01 14:02:22

Улаабаатар /МОНЦАМЭ/. Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-аас нийтийн тээврийн автобусны дизель түлшний тортгийг шүүх төхөөрөмжийг өнөөдөр нийслэлд хүлээлгэн өгөв.

Уг тоног төхөөрөмжийг утааны РМ ялгарлыг бууруулах төслийн хүрээнд 2017 оноос нийтийн тээврийн автобуснуудад суурилуулан туршиж байгаа юм. Тодруулбал, Япон улсын ЖДҮ-ийг хөгжүүлэх хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар “Сутайн буянт” болон “Зорчигч тээврийн нэгтгэл”, “Зорчигч тээвэр-III” гэсэн гурван компанийн их багтаамжийн 24 автобусанд туршжээ. Туршилт хийсэн их багтаамжийн автобус тус бүрээс өдөрт дунджаар 181 грамм тортог шүүн устгажээ. Улаанбаатар хотод өдөрт 800-1000 автобус нийтийн үйлчилгээнд гардаг бөгөөд жилд 57 тонн тортог ялгаруулж агаар, орчин бохирдуулж байгаа юм.


Тортгийн шүүлтүүр DPF (MoCobee СТ-3) нь дизель хөдөлгүүрт тээврийн хэрэгслийн яндангаас хаягдах их хэмжээний тортгийг 99.9 хувь шүүж, утааг цэвэршүүлдэг, Япон улсад үйлдвэрлэсэн систем бөгөөд тус улсад 2003 оноос туршиж, дизель хөдөлгүүртэй автобус, ачааны машин зэрэг тусгай зориулалтын машинд суурилуулж өнөөг хүртэл 15 жил ашиглаж буй аж.

ЗТХЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ЖАЙКА байгууллагын хооронд 2017 онд байгуулсан Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусанд дизелийн тортгийн шүүлтүүр DPF тоноглож, утааны РМ ялгарлыг бууруулах туршилтын төсөл амжилттай хэрэгжиж дуусаж буй юм.


Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан төслийн хүрээнд гарсан үр дүнгийн талаар хэлэхдээ, “Бодит туршилтаар хорт утааг 97 хувь хүртэл бууруулсан үзүүлэлт гарч цаашид хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой болох нь баталгаажсан” хэмээн онцоллоо.

Утааны РМ ялгарлыг бууруулах туршилтын төслийн хүрээнд эдгээр тоног төхөөрөмжийг суурилуулж ашиглах Монгол ажилтнуудыг бэлтгэсэн учир одоо цаашид бүрэн ажиллах боломжтойг Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаа хэлж байв. Төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслолд нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, нийтийн тээврийн үйлчилгээний компанийн төлөөллүүд, Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга Мацухаши Томоюки, ЖАЙКА-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Эрико Тамура, төслийн удирдагч Масанори Комори нар оролцов.

Шүүлтүүрийн систем нь:

  • Дизелийн тортгийн шүүлтүүр (ДТШ): загвар Мокоби СТ-3
  • ДТШ цэвэрлэгч: загвар Мокоби RE
  • Утааны тортгийг хэмжигч бага: загвар МЕХА-6005
  • Хөдөлгүүр цэвэрлэгч: загвар Diesel Pro
  • Нүүрстөрөгчийн дутуу исэл мэдрэгч: загвар ЕС-600
  • Drive recorder: загвар XDR-66URG төхөөрөмжөөс тус тус бүрдэж байна. 

Б.Болд

Холбоотой мэдээ