Сайншандын бүтээн байгуулалтын сэдвээр гэрэл зургийн уралдаан зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Сайншанд сум байгуулагдсаны 55 жилийн ойн энэ онд тохиож буй. Ойг тохиолдуулан аймгийн Залуучуудын хөгжлийн төвийн дэргэдэх “Хариуцлагатай залуу манлайлагч” клубээс санаачилж аймгийн хэмжээнд гэрэл зураг сонирхогч залуусын дунд хотын бүтээн байгуулалт, иргэдийн аж амьдрал, нийгмийн бүхий л сэдвээр асуудал хөндсөн гэрэл зургийн уралдааныг дөрөвдүгээр сарын 04-25-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулахаар боллоо.
Гэрэл зурагчид хотын амьдрал, нутгийн өнгө буюу байгаль, ан амьтан, түүх дурсгалын үзэсгэлэнт газрууд, өөр өнцөг буюу асуудал хөндсөн чөлөөт сэтгэлгээний гэрэл зургаар өрсөлдөх бөгөөд эхний гурван байрт шалгарсан оролцогчдыг өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.
Уралдааны зорилго нь гэрэл зургаар дамжуулан иргэдийн сэтгэлгээг өөрчлөх, нутаг орноороо бахархах, нийгэмд тулгамдаж буй асуудлыг ил болгож шийдвэрлэх зэрэг арга замыг эрэлхийлэхэд оршиж буй аж.
Х.Эрдэнэбулган