Хөдөлмөрийн баатартаа хүндэтгэл үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-07-29 16:59:43

Увс /МОНЦАМЭ/. Цагаанхайрхан сумын ИТХ, ЗДТГ-аас нутгийн ард иргэдтэйгээ хамтран тус сумаас энэ жил Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Баатарын Рагчаа болон Увс аймгийн баяр наадамд зургаа давж аймгийн харцага цол хүртсэн Тодсайханы Төгсжаргал нарт хүндэтгэл үзүүлэх мялаалга наадмыг долдугаар сарын 28-нд Цагаанхайрхан уулын бэлд зохион байгууллаа.

Баяр наадамд Монгол Улсын аварга С.Мөнхбат, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцсон нь баяр дээр баяр нэмсэн үйл явдал болжээ.

Наадмын хүчит бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой 32 бөх барилдсанаас Хяргас сумын харьяат, аймгийн начин Д.Билэгсайхан түрүүлж, Давст сумын харьяат, аймгийн заан Э.Лхамхүү үзүүрлэв.

Хурдан азарганы уралдаанд Цагаанхайрхан сумын Ц.Батболдын хул, дааганы уралдаанд Наранбулаг сумын Б.Галбадрахын хүрэн, шүдлэнд Д.Соронзонболдын хонгор, соёлонд Наранбулаг сумын С.Ганхүлэгийн хүрэн тус тус түрүүлж, тод магнай торгон жолоогоо өргүүлэв.

 

Холбоотой мэдээ