Элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээнд 100 гаруй хүнийг хамруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-07-27 07:37:46
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дэлхийн хепатитын эсрэг өдөр”-ийн хүрээнд Дундговь аймгийн ЭМГ-аас “Хепатитыг устгахад хувь нэмрээ оруулцгаая”  нээлттэй мэдээллийн өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгт аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүд, Эрүүл мэндийн даатгалын тасаг хамтран ажиллаж, иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл, сургалт сурталчилгаа хийж, урьдчилан сэргийлэх эмчийн үзлэг, элэгний В, С вирусийн илрүүлэх шинжилгээнд 100 гаруй хүнийг хамруулав.

Эмч нар хүний биеийн найрлага тодорхойлох аппаратаар үзэж зөвлөгөө өгч, эрүүл мэндийн даатгалын бүртгэл хийх зэрэг үйлчилгээг нэг дороос үзүүлсэн.

Хепатит буюу элэгний вирусын шалтгаант үрэвсэлт өвчлөл, улмаар хүндрэл  болох элэгний цирроз, элэгний хавдрын өвлөлийг бууруулахад хүн бүр өөрийн эрүүл мэнддээ анхаарч урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдах, эрүүл мэндийн боловсролоо үргэлж нэмэгдүүлж амьдралын зөв дадал хэвшилтэй байх шаардлагатайг эрүүл мэндийн байгууллагууд зөвлөв.

Мөн байгууллага, хамт  олон ажилчдаа урьчдилан сэргийлэх үзлэгт жил бүр хамруулах, ажлын  байранд эрүүл мэндийг дэмжигч орчин бүрдүүлэх нь чухал гэж албаныхан онцлов.

Дундговь аймгийн хэмжээнд 2018 онд халдварт өвчний 407 тохиолдол бүртгэгдсэний 11 нь вируст хепатитын халдвар байжээ. Үүнийг 2017 оны дүн мэдээтэй харьцуулахад гурван тохилдлоор олон байгаа аж.

 

 

Холбоотой мэдээ