Сүхбаатарын талбайд элэгний вирусын үзлэг шинжилгээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nandintsetseg@montsame.gov.mn
2019-07-24 15:18:49
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ-ын гишүүн орнууд жил бүрийн 7 дугаар сарын 28-ныг хепатиттай тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жилийн өдрийг манай улс “Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулцгаая” уриан дор зохион байгуулах бөгөөд энэ хүрээнд Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй элэгний үзлэг шинжилгээ хийх юм.


Тодруулбал энэ сарын 26-нд ЭМЯ-ны харьяа эрүүл мэндийн төвүүд болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран элэгний В, С вирусын шинжилгээ, элэгний эхо, элэгний хатуурлын зэрэг тодорхойлох фиброскан үзлэг зэрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлэх аж.


ЭМЯ-ны Хяналт шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Я.Амаржаргал “”Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд В, С вирусын шинжилгээнд эрүүл мэндийн даатгалтай 904 мянга 539 иргэн, эрүүл мэндийн даатгалгүй 40-50 мянган иргэнийг хамруулсан. Түүнчлэн элэгний B, С вирусийн эсрэг эмийг эрүүл мэндийн даатгалын байгууллагын гэрээт эмийн сангуудаас хөнгөлөлттэй, зарим эмийг үнэ төлбөргүй олгож байгаа. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр өнгөрсөн онд манай улсыг ДЭМБ-аас элэгний өвчлөлтэй тэмцэж буй жишиг улсаар нэрлэсэн” хэмээв.  


Манай улс “ Вируст хепатитийн эрүүл мэндийн салбарын дэлхийн стратеги 2016-2021”-ийн зорилтод хүрэхэд дэмжлэг үзүүлэх, хүн амаа хепатитийн вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх, улмаар элэгний хатуурал, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилгоор 2017 онд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. 2020 он гэхэд Монгол Улсын хүн амын дунд вируст хепатитын халдварын тархалтыг хязгаарлан, С вируст хепатитын халдварын шинэ тохиолдлыг 2020 он гэхэд таслан зогсоож, вируст хепатитын үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулах өндөр зорилт тавин ажиллаж байгаа юм.


Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Тусламж үйлчилгээний газрын дарга Х.Сувд-Эрдэнэ  “В, С вирусын илрүүлэх шинжилгээг анхан шатны эрүүл мэндийн төв буюу харьяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд өгнө. Шаардлагатай тохиолдолд идэвхжил тогтоох шинжилгээг эрүүл мэндийн даатгалын байгуулагын гэрээт  лаборатриудад өгнө. Эмчилгээний тухайд В вирусийн эсрэг 10 төрлийн эмийг эрүүл мэндийн даатгалын байгууллагын гэрээт эмийн сангаас 40-60 хувь, С вирусийн эсрэг долоон эмээс зургааг нь 100 хувь хөнгөлөлттэй үнээр авах боломжтой. Харвони эм харьцангуй өндөр үнэтэй тул тодорхой хувийг даатгалаар хөнгөлж байгаа" хэмээв.


ДЭМБ-ын мэдээгээр дэлхий дээр 325 сая хүн вируст хепатитын халдвартай амьдарч байгаа бөгөөд жил бүр 1.4 сая хүн уг өвчнөөс үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдрын улмаас нас барж байна. Монгол Улсад хепатитын вирусын шалтгаантай өвчлөлийн улмаас 2017 онд 1614 хүн нас баржээ. Хепатитын В, С вирусын халдвар нь элэгний хавдрын гол шалтгаан болдог. Элэгний хорт хавдрын 80 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна.

Холбоотой мэдээ