"Аравт" морин цэргийн уралдаанд оролцогчид минжүүлсэн талбай туулна

Монголын мэдээ | Хууль
nandintsetseg@montsame.gov.mn
2019-07-23 12:31:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ОХУ-ын БХЯ-наас зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам”-ын хүрээнд манай улсад ирэх сарын 3-8-ны өдрүүдэд анх удаа зохион байгуулагдах “Аравт” олон улсын морин цэргийн уралдааны оролцогчид Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд байрлалаа. Дөрвөн үе шаттай явагдах уралдааны үндсэн оролцогчоор Монгол, ОХУ, Казахстан, Киргиз улс, ажиглагчаар БНХАУ, АНУ, Зимбабве, Вьетнам зэрэг дөрвөн улс оролцох бөгөөд цэргүүд усан болон минжүүлсэн талбай туулах, бартаа саад бүхий газарт хоноглох, гранат шидэх, морь бугуйлдах, шархтанд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх зэргээр тэсвэр хатуужил, ур чадвараа сорих юм.


 “Аравт” уралдаан бэлтгэлийн, алсын зайны морин маршийн, богино зайны холимог буухиан, төгсгөлийн буюу тэмцээнийг дүгнэх гэсэн дөрвөн үе шаттай явагдана. Нэгдүгээр шат буюу бэлтгэлийн шатанд оролцогч орны цэргүүдийг хүлээн авч байрлуулах, аюулгүй ажиллагааны заавар танилцуулах, энэ чиглэлийн сургалтууд явуулах, уралдааны бэлтгэлийг хангах, морьтой дадлага сургалт хийх, уралдааны маршрутыг танилцуулах зэрэг ажлыг зохион байгуулах юм.

Хоёрдугаар шат буюу алсын зайны морин маршийн үеэр оролцогчид уул, ой мод, гол ус, элс, бартаа саад бүхий 130 км замыг маршрутын дагуу туулах юм. Ингэхдээ усан болон минжүүлсэн талбайг туулж, морь бугуйлдах, уналгад бэлтгэх даалгавар, бартаа саад бүхий газарт хоноглох даалгавар, эцэст нь шархтанд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, шархтан, сум галт хэрэглэлийг хөнөөлийн голомтоос татан гаргах зэрэг цэрэг хүний гүйцэтгэх ёстой дөрвөн даалгаврыг гүйцэтгэнэ.

Харин гуравдугаар шат болох ойрын зайны холимог буухиад явганаар 3.1 км, морьтой 4.1 км замыг туулахдаа мөн маршрутын дагуу байрлах цэгүүдэд өгөгдсөн гранат шидэх, саадын зурвас туулах, буудлагын дасгал гүйцэтгэх, тактикийн ажиллагаа, морины давхилт дунд гранат шидэх зэрэг таван даалгаврыг гүйцэтгэн барианд орохоор уралдааны дүрмэнд заажээ. Төгсгөлд нь тэмцээний дүнг нэгтгэж, уралдаанд амжилт үзүүлсэн багт шагнал гардуулах ёслол болох юм.

Уралдааны бэлтгэл явцад Монгол Улсын зан заншил, түүх, соёл уламжлалыг сурталчлах, цэргийн алба хаагчдын нөхөрлөлийг бататгах зорилгоор бэсрэг наадам, соёл урлаг болон спортын өдөрлөг, “Адуучин” тэмцээн, ЦДБЭЧ-ын тоглолт, "Монгол дууг хэн сайн дуулах вэ" тэмцээн болон уралдаанд оролцогч орнуудын соёлын өдөрлөг зэрэг олон арга хэмжээ зохион байгуулах аж.

Холбоотой мэдээ