Онцгой байдлын газар орчин үеийн тоноглолтой авто машинтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар орчин үеийн бүрэн тоногтой авто машинтай боллоо.
Онцгой байдлын ерөнхий газар болон Аймгийн засаг даргын дэмжлэгээр европ стандартын хамгийн сүүлийн үеийн гал унтраах иж бүрэн аврах багажтай автомашиныг Онцгой байдлынханд гардуулсан.
Ингэснээр Даланзадгад сумын ард иргэдийн амь нас эд хөрөнгийг гамшиг осол, гал түймрийн аюулаас авран хамгаалах, Онцгой байдлын албаны парк шинэчлэлтэд томоохон хөрөнгө оруулалт болж байгаа аж.
Өмнөговь аймгийн хэмжээнд энэ оны эхний хагас жилийн байдлаар Онцгой байдлын газарт 101 дуудлага ирж аврах ажиллагаа явуулжээ.
Онцгой байдлын газрын Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Наранцацрал "Манайд обектын гал түймрийн дуудлага дийлэнх нь байдаг. Энэ он гарснаас хойш зөвхөн гал түймрийн 29 дуудлага хүлээн авч хариу арга хэмжээ авч ажилласан.
Мөн энэ оны тавдугаар сарын 11-нд нойтон цас орсны улмаас 39 дуудлага хүлээн авч 117 хүний амь насыг аварсан" гэв. Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Гурвантэс суманд гал түймэр унтраах аврах анги ажиллаж байна.