Монголоо аврах хөдөлгөөнийхөн Төрийн ордныг гороолов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-04-04 15:34:11

"Монголоо аврах хөдөлгөөн"-ийхөн өнгөрсөн сарын 30-нд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хандаж, гурван асуулга хүргүүлсэн. Өнөөдөр уг асуултынхаа хариултыг авах гэж Тусгаар тогтнолын талбайд цугласан ч тодорхой хариуг ирүүлээгүй тул Төрийн ордныг гороолж хариулт өгөхийг шаардав.

Тус хөдөлгөөний зүгээс нэг иргэнд хэдэн төгрөгийн өр ногдож байгаа, Монголчууд хэзээ нийтээрээ ажилтай болж ядуурлаас гарах, монгол хүн хэзээ эх орондоо хүн шиг сайхан амьдрах вэ гэсэн гурван асуултыг төрийн өндөрлөгүүдэд тавьж байсан юм.

"Монголоо аврах хөдөлгөөн"-ий тэргүүн Б.Ганхуяг, “Төрийн өндөрлөгүүдөөс эдгээр асуултыг асуух эсэхээ эхлээд иргэдээс асуусан. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 78.8 хувь нь "Асуух нь зөв" гэсэн хариулт өгсөн. Тиймээс дээрх асуултаа бид зохих газар нь хүргүүлсэн. Өнөөдөр нэг монгол хүнд 17 сая төгрөгийн өр ногдож байна гэж ярьж байна. Үүнд бид баттай хариулт авахыг хүсч байна. Хэрэв хариулт өгөхгүй бол дараагийн алхмуудаа хийнэ. Бид өмнө нь гурван асуулт асууж байсан бол одоо зургаан асуулт асуумаар байна. Ард түмний дундаас сонгогдсон өндөрлөгүүд өнөөдөр яагаад иргэдийнхээ дуу хоолойг сонсохгүй, асуултад хариулахгүй байна вэ” гэсэн юм.

Жагсагчид "Монголоо аврах хөдөлгөөн" гэсэн бичиг бүхий уриа лоозон барьж, улаан өнгийн хувцас, алчуураар ижилссэн байв.

Э.Бат-Уянга

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ