ЖДҮХС-гийн зээлийн эхний шатанд 47 иргэн, ААН тэнцжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жижиг
дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас зээл авахаар нийт 65 иргэн, ААН хандан төслөө ирүүлжээ. Үүнээс
47-гийнх нь төсөл урьдчилсан шатны судалгаанд тэнцэн, дараагийн буюу Хорооны
шатны сонгон шалгаруулалтад шилжээд байгааг өнөөдөр ЖДҮХС-гаас мэдээллээ.
ЖДҮХС-гаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл
сонгон шалгаруулах журмын хүрээнд 300 сая төгрөгөөс дээш нэг тэрбум төгрөгийн
зээл олгох юм. Харин
эхний сонгон шалгаруулалтад 70-аас дээш оноо авч тэнцсэн 47 иргэн, ААН нийт 47.4
тэрбум төгрөгийн зээл авах хүсэлтээ ирүүлжээ.
ЖДҮХС энэ удаагийн төслийн сонгон шалгаруулалтыг олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулж байгаагаа өнөөдөр мөн танилцуулав. Тодруулбал,төслийн сонгон шалгаруулалтын мэдээллийг иргэд, ААН-үүдэд мэссэж илгээн, цахим хуудсуудаар мэдээлж байгаа аж. Мөн зээлийн төслийг сонгон шалгаруулах Хорооны хуралдааны шууд бичлэгийг цахимаар түгээж, ЖДҮХС-гаас олон нийтэд зориулан бэлтгэсэн мэдээллийн төв ажиллуулж байна.
Төслийн урьдчилсан судалгааг хийхдээ үр ашиг, өгөөж, барьцаа хөрөнгийн хүрэлцээ, тухайн салбарын төлөв байдал, ажлын байр бий болгох, төслийн эдийн засгийн тооцоололыг олон улсын зээлийн шинжилгээний арга, аргачлал, рейтингийн үнэлгээг ашиглан 15 үзүүлэлтийн 90 гаруй сонголт бүхий 100 хүртэл онооны системээр үнэлж байгаа юм.
Зээл авах эхний, урьдчилсан шатны сонгон шалгаруулалтад тэнцсэн төслүүдийг салбараар нь авч үзвэл боловсруулах үйлдвэрлэл 78.5 хувийг, ХАА, ойн аж ахуйн салбар 12.5 хувийг, бөөний худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлал, нийтийн хоолны үйлчилгээ 9 хувийг тус тус эзэлж байна.
Д.Отгонцагаан
Гэрэл зургийг Н.Батбаяр