Хятадын хөдөө аж ахуйн салбар дахь хөгжлийн бодлоготой танилцав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-07-18 15:49:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ -ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны урилгаар Монгол Улсын сэтгүүлчид энэ сарын 8-14-ний өдрүүдэд БНХАУ-д айлчиллаа.  Тус айлчлалын хүрээнд БНХАУ-ын хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж байгаа ажил, хөгжил дэвшилтэй танилцсан юм.

Бээжинд буусан эхний өдрөө бид Хятадын ХААЯ-ны Удирдлагын инситут болон Хятадын байгаль орчин, экологийн тэргүүлэх компани болох “Илион ресурс” группт зочиллоо. Монголын газар нутгийн ихэнх нь цөлжиж байгаа гэсэн харамсалтай мэдээлэлтэй холбоотойгоор энэ компанийн үйл ажиллагаа хамгийн их сонирхол татсан юм. Элсэрхэг цөлийн бүс нутгийг нөхөн сэргээх, тэнд төрөл бүрийн ургамал тариалах, үүгээр дамжуулж нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, ядуурлыг бууруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх Хятадын төрийн бодлогод тус компани гар бие оролцдог байна.


Сингапурын газар нутгаас 8 дахин том газар нутгийг ногооруулж чадсан тус компани 1988 онд байгуулагджээ. Мэдээж элсэн дээр мод ногоо ургуулна гэдэг амаргүй ажил. Тэдний хувьд ч энэ ажил амар байгаагүй гэдгийг гүйцэтгэх захирал нь хэлж байв. 30 жилийн турш ямар мод, ногоо ургуулах аргыг эрэлхийлж, туршсаар багагүй хугацаа алдсан ч одоо говийн элсэнд модыг хэрхэн тарьж ургуулах талаар арга туршлагаа хуваалцахад бэлэн болтлоо хөгжсөн гэж байлаа. Байгальтай зөрчилдөж биш, байгальтай зохицож ургуулна гэдгийг ойлгож, тэд салхины чиглэлийг ашиглан мод ургуулах аргыг хэрэглэдэг байна. Энэ нь салхины чигийн дагуу өндөрлөг газрын гуравны хоёроос дээш хэсэгт модоо суулгах арга аж. Бороо хур бага ордог элсэрхэг энэ газар тэд чихэр өвс, говийн гоёог голлон тарьдаг байна. Тус компанийн боловсруулсан мод тарих бас нэгэн сонирхолтой арга бол дроноор мод тарих юм. "Илион" групп нь элсэрхэг цөл нутагт хөвчийн загвар буюу экологийн нөхөн сэргээлтийг хийснээр НҮБ-ын байгаль орчин болон хөгжлийн шагналыг хүртжээ.

Монголын сэтгүүлчид Бээжин хотод ийнхүү хоёр өдөр саатсаныхаа дараа хоёр багт хуваагдаж өөр өөр мужийг зорьсон юм. Нэгдүгээр багийнхан Юньнань мужийг зорьсон бол миний бие бүрэлдэхүүнд нь багтсан хоёрдугаар баг Ганьсу муж руу хөлгийн жолоо заллаа.


Шар мөрөн буюу Хатан голын дээд урсгалд байрлалтай Ганьсу муж нь Монгол Улстай багахан заагаар хиллэж, Хятад улс дотроо Өвөр Монгол, Ниншя, Шиньжаан, Хөхнуур, Сычуань, Шэньси гэсэн зургаан муж оронтой хаяалан оршдог. Биднийг очиход Хатан гол үерлэсэн байлаа. Газар орны хувьд төсөөлж байснаас өвөрмөц өнгө үзэмжтэй, нутаг дэвсгэр өргөн уудам, газрын гадарга нь тал газар, элсэн манхан, мөнх цаст хайрхануудтай, жилийн дундаж агаарын температур нь 0-15 градус, хуурай, хагас хуурай бүс нутаг нийт бүс нутгийн 75 хувийг эзэлдэг. Ганьсу мужид дэлхийд алдартай Дүн Хуангийн Мөө Гао агуй байдгаас гадна Цастын монголчуудын зан үйл, тэмээн жин зэрэг өвөрмөц онцлогтой соёлоо хадгалан үлджээ.

Мужийн төв болох Ланжу хот нь 3 сая гаруй хүн амтай, нутаг дэвсгэрийн нийт талбай нь 13.100 хавтгай дөрвөлжин метр юм. 2200 гаруй жилийн түүхтэй тус хот нь Хятадын соёлын үүслийн чухал газруудын нэг бөгөөд Хатан голын соёл, Торгоны замын соёл, Нангиадын соёл болон Хятадын баруун бүсийн соёлын чухал уулзвар ажээ.

Онгоцны буудлаас Ланжу хот хүртэл 1 цаг орчим явлаа. Зам дагуу тааралдах уулс нь шаталсан хэлбэртэй бөгөөд энэ бүгд хүний гараар бүтсэн ажээ. Шат бүрд нь алим болон жимсний моднууд тарьжээ.

Ланжу хотод буусан эхний өдрөө бид Ганьсу мужийн хөдөө аж ахуйн тэнхимд зочиллоо. Тус тэнхимийг хөдөө орон нутгийг хөгжүүлэх стратегийг бүх талаар хэрэгжүүлэхийн тулд мужийн хөдөө аж ахуйн хуучин тэнхим, мужийн орон нутгийн алба, мужийн хөгжил шинэчлэлийн хорооны хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтын төсөл зэрэг олон байгууллагуудыг нэгтгэн 2018 онд байгуулжээ.

Ганьсу муж нь харьцангуй өндөрлөгт оршдог учир цаг агаарын онцлог, байгаль орчныхоо өвөрмөц нөхцөлд тааруулан өөрийн өвөрмөц онцлогтой газар тариаланг хөгжүүлж чадаж байгааг тэнхимийн төлөөлөгч хэлж байлаа.

Ерөнхийдөө Ганьсу муж нь хонь, үхрийн мах, хүнсний ногоо, жимс, төмс, эмийн ургамал гэсэн зургаан төрлийн аж ахуй эрхэлдэг бөгөөд үүгээрээ алдартай. Энэхүү зургаан төрлийн аж ахуй нь Ганьсу мужийн ядуурлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэнэ.

Мөн эмийн ургамлаа өндөр үнэтэй борлуулж, багагүй ашиг орлого олдог аж. Өнгөрсөн жил гэхэд мужийнхаа эмийн ургамлыг хангаж, 4.6 сая мү /нэг мү 00.6 га/  талбайд тарьж ургуулжээ. Төмс гэхэд 10.5 сая мү талбайд тариалж, 12.1 сая тонныг хураасан бол бусад хүнсний ногоог 8.8 мянган мү талбайд тариалж, 23 сая тонныг хураан авсан байна. Бүс нутгийн шинэ сортын алим нь алдартай. Үхэр 6 сая, хонь 33.4 сая, гахай 12.3 сая, жигүүртэн 78 саяыг тэжээж, үржүүлж иргэдийнхээ махны хэрэгцээг хангаж буй юм.


Тариалангийн ихэнх талбайдаа эко бордоо ашигладаг. Нийт талбайн 36 хувьд хорхой шавьжнаас хамгаалах хор цацсан. Энэ нь бас химийн найрлагагүй гэнэ. Түүнчлэн усгүй технологи нэвтрүүлсэн гэдгээ хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, газар доогуур шугам татан тариа ногоог хөрснөөс нь дуслаар усалдаг технологи нэвтрүүлжээ. Энэ нь усыг 60 хувь хэмнэдэг аж. Ингэхдээ Шар мөрнөөс ус татдаг юм байна. Мөн гүний болон мөнх цаст уулын шар усыг ихээр ашигладаг. Гантай жилүүдэд усыг ууршуулахгүйн тулд ногоо тариагаа гялгар уутаар битүүлж, чийгийг удаан барих арга хэрэглэдэг. Нийт талбайн 55.9 хувьд хүнсний ногоо, жимс, цэцэг тариалахдаа тоног төхөөрөмж ашиглажээ. Түүнчлэн хоршоололд нэгдсэн газар тариалан эрхлэгчдийн буудай, эрдэнэ шиш, тутарга зэрэгт улсаас үнийн баталгаа өгдөг. Мөн компаниуд ногоо, тариа, жимсийг нь худалдан авдаг аж. Дээр нь тариаланчид даатгуулсан учир эрсдэл бараг гардаггүй гэнэ. Хятадад тариалж буй үр үрсэлгээний 60-70 хувийг Ганьсу мужийнхан хангадаг.   

Бидний очиж танилцсан Ланжу хотын шинэ дүүргийн орчин үеийн хөдөө аж ахуйн паркийн хүнсний ногооны хүлэмж нь өвөл зуны туршид ургац авах боломжтойгоор баригдсан бөгөөд хүний гараар хийх зүйл байхгүй, нэг хүлэмжийг нэг л ажилтан компьютер болон гар утсаараа хянаад удирдахад л хангалттай.

Дараа нь бид Ганьсу мужийн шинэ хэвлэл мэдээллийн групптэй танилцлаа. Энэ группийг "Гансу мужийн өдрийн сонин" групп үүсгэн байгуулжээ. Үйл ажиллагааных нь чиглэл интернэт мэдээ гаргах, мэдээллийг олон талаар илрүүлэх, бүх хэрэглэгчийг хамарсан, хоёр талт санал солилцох талбарыг хөгжүүлэх зэрэг ажээ. Тус групп нь үйл ажиллагаандаа үүлэн тооцооллыг ашигладаг юм байна.



Холбоотой мэдээ