Хиймэл оюун ухаант систем Рубикийн шоог 1 секундэд эвлүүлжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2019-07-17 13:58:46

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Калифорнийн их сургуулийн судлаачдын бүтээсэн хиймэл оюун ухаант систем Рубикийн шоог нэг секунд гаруй хугацаанд эвлүүлсэн байна.


1974 онд зохион бүтээгдсэн цагаасаа хойш хүн төрөлхтний сонирхлыг татсан хэвээр байгаа “3D” шоог “DeepCubeA” нэртэй алгоритм эвлүүлж чаджээ. “Уг алгоритм шоог эвлүүлэхийг өөрөө сурсан” гэж Калифорнийн их сургуулийн компьютерын ухааны профессор Пиерре Балди хэлжээ.


Судлаачдын хэлснээр, системийн шоог эвлүүлсэн стратеги хүмүүсийнхээс маш өөр байсан бөгөөд "Хиймэл оюун ухааны дүгнэлт хийх чадвар хүнийхээс ихээхэн өөр байдаг хэмээн бид үзэж байна" гэж П.Балди хэлсэн байна.


“Nature Machine Intelligence” сэтгүүлийн шинэ дугаарт нийтэлсэн судалгаанд дурдсанаар, алгоритмд шоог 30 үйлдлээр эвлүүлэх 10 тэрбум комбинацийг өгсөн бөгөөд уг систем 1000-ыг туршиж үзсэний дараа хамгийн хурдан эвлүүлэх аргыг олжээ.


Хүмүүс Рубикийн шоог хурдан эвлүүлэхэд 50 орчим үйлдэл ашигладаг бол хиймэл оюун ухаант систем дунджаар 28 үйлдлээр эвлүүлжээ. Энэхүү алгоритм нь Рубикийн шоог хамгийн хурдан эвлүүлээгүй хэдий ч хүний оролцоогүйгээр эвлүүлсэн анхны тохиолдол болсон байна. 

Холбоотой мэдээ