Нийгмийн сүлжээгээр тархаж буй мэдээллийг хуурамч эсэхийг шалгадаг программ бүтээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-07-09 13:12:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол инженерүүд нийгмийн сүлжээгээр тархаж буй мэдээллийг хуурамч эсэхийг шалгадаг программ бүтээхээр ажиллаж байна.


Энэ талаар МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаатар өнөөдөр болсон “Зүүн Ази-Латин Америкийн сэтгүүлчдийн дугуй ширээний уулзалт”-ын үеэр онцлов.


Орчин үеийн сэтгүүл зүйд тулгамдаж буй гол асуудал нь технологийн хурд өөрчлөлтөөс хамааран нийгмийн сүлжээгээр хуурамч мэдээллийг түгээх асуудал юм. Тиймээс технологийн түвшинд мэдээллийг баримтжуулж, хуурамч эсэхийг шалгах программын талаар уулзалтад оролцсон сэтгүүлч нар дэлгэрэнгүй ярилцсан гэдгийг МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаатар дурдаад, “Тухайн программ нийгмийн сүлжээгээр гарч буй мэдээллийг хуурамч байх магадлалтай гэсэн дохиог өгч байх юм. Манай улсын инженерүүд ийм програм зохиохоор ажиллаж байгаа” гэв.


Уулзалтын үеэр Латин Америкийн сэтгүүлч Дуарте Карбосо Луиза сэтгүүл зүйн мэдээллийн чанарын тухай асуудлыг хөндөв. Мэдээллийн чанарыг сайжруулахын тулд иргэдийн мэдээллийн боловсролыг сайжруулж, их, дээд сургуулийн хэвлэл мэдээлэл, сэтгүүл зүйн тэнхимийнхэн энэ талын мэдлэгийг нийтэд түгээх нь чухал гэдгийг онцоллоо. Мөн нийгмийн сүлжээний хуурамч мэдээлэл хэт давамгайлснаар улс төрийн шийдвэр гаргах үйл явц болон сонгуульд сөрөг нөлөө үзүүлж байгаа тухай ярьлаа.


Дашрамд дурдахад Зүүн Ази-Латин Америкийн сэтгүүлчид Монгол Улсын Үндэсний Их Баяр Наадмыг сурвалжлахаар долоодугаар сарын 7-ноос 14-ний өдрүүдэд айлчлал хийнэ.

Б. Одгэрэл

Холбоотой мэдээ